СХД-ийн хэмжээнд анхны “Хурдан” цэгийг “22” авто худалдааны цогцолборт нээлээ

Төрийн үйлчилгээг иргэдэд ойроос, хурдан шуурхай үзүүлэх зорилго бүхий төрийн цахим үйлчилгээний “ХурДан” цэгүүдийг байгуулах ажил эрчимтэй явагдаж байна. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд анхны “ХурДан” цэгийг 22-ын авто худалдааны цогцолборт нээсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Э.Батшугар оролцлоо. Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг зөвхөн хотын төвд бус нийслэлийн алслагдсан хороодод хүртээмжтэйгээр байгуулах бодлогыг барьж ажиллаж байгаа бөгөөд цаашид Сонгинохайрхан дүүрэгт 5-6 цэгийг үе шаттайгаар нээх юм.

Төрийн цахим үйлчилгээний “ХурДан” лого бүхий үйлчилгээний цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад пасспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах боломжтой. Энэ ондоо багтаан 55 байгууллагын 790 орчим үйлчилгээ болгож нэмэгдүүлэх юм.

Операторын горимоор үйлчилгээ үзүүлэх “ХурДан” цэгийг нийслэл, орон нутаг, хилийн чанадад 504 байршилд байгуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 18, хилийн чанадад 5 цэгийг байгуулсан бол 21 аймгийн төвд 4, 5 дугаар сард зэрэг нээнэ. “ХурДан” цэгүүдийг байгуулж, төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх чиг үүргийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар хэрэгжүүлэн ажиллаж байна.