“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023” дөрөвдүгээр сарын 20-нд болсон. “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриатай тус форумын үр дүн, гарсан санал, дүгнэлтийг НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл танилцуулав.
Форумд нийт 800 орчим хүн оролцсон бөгөөд төрийн байгууллагын төлөөлөл 12, дотоодын хувийн хэвшил 56, гадаадын байгууллагуудын төлөөлөгч 32 хувийг эзэлжээ. Форумын хүрээнд зургаан үндсэн арга хэмжээ зохион байгуулж, 10 илтгэл, таван төслийн танилцуулга, хоёр хэлэлцүүлэг хийсэн. Мөн найман шинэ санаа, старт ап, технологийн салбарын 22, хөрөнгө оруулалт татах шаардлагатай 23 төслийг танилцуулсан юм. Түүнчлэн форумын үеэр 14 Санамж бичиг, нэг батламж, хоёр гэрээ байгуулсан.
Зөвлөлийн гишүүд форумыг олон улсын жишигт нийцүүлэн, сайтар зохион байгуулсныг онцлоод, энэ үеэр байгуулсан гэрээ, Санамж бичгийн хэрэгжилтэд сайтар анхаарал хандуулах хэрэгтэйг сануулж байлаа.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын дарга Санамж бичиг, гэрээний хэрэгжилтэд онцгой анхаарч, бодит үр дүнд хүрч ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Мөн форумаас гарсан санал, дүгнэлтийг Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах Ажлын хэсэгт хүргүүлж ажиллахыг даалгалаа.