М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар алдаагаа хүлээж, уучлал гуйх ёстой гэв

МАСЗХ-г үүсгэн байгуулж байсан анхдагч гишүүд хэвлэлийн бага хурал зарлаж, “МАН-ын ээлжит бус онц их хурлын төлөө хөдөлгөөн” байгуулснаа зарлав. “МАН УИХ, орон нутгийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар ямар түвшинд хүрч буурав. МАН-ын дотоодод ямар үйл явдал болж байгаа талаар гишүүдийн дунд төдийгүй иргэдийн дунд яриа хөөрөө өрнөж байгаа. Дотооддоо үүссэн асуудлыг хэлэлцэхээр ээлжит бус хурал яаралтай зарлаж, хуралдуулахыг хүсч байна. МАН-ын дарга М.Энхболд “Бага хурлыг есдүгээр сард хуралдуулах” талаар мэдээлсэн. Энэ бол албан бус мэдээлэл. Нийт гишүүдээрээ хэлэлцүүлэх ёстой. МАСЗХ-г үүсгэж явсан залуус, эрх ашиг, албан тушаалын төлөө нэгдээгүй. Олон гишүүд дэмжигчид биднийг дэмжсэн. МАН дотоод хямралаа даван туулах нь ард түмний эрх ашигт нийцнэ. Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой, ухрахгүй байх учиртай хэмээн тус хөдөлгөөний зохицуулагч хэлсэн юм.

МАН-ын Засгийн газар “Мөрийн хөтөлбөрөөс олон зүйлээр ухарсан, татвар нэмэх гэж бид мөрийн хөтөлбөр дэвшүүлээгүй, бид албан тушаалын наймаа хийж, 60 тэрбумаар төрийн албыг худалдах гэж сонгуульд ороогүй, хамт яваа нөхдөө тагнаж чагнасан мэдээллийг оргүй хоосон гүтгэлэг гэж хэлэхгүй. Энэ мэт олон асуудалд санаа зовж, их хурлаа хуралдуулахыг шаардаж байгаа юм. Ээлжит их хурлыг зохион байгуулах хугацаа дүрмийнхээ дагуу болсон. Үүнийг ес, арав, арваннэгдүгээр сар хүртэл хүлээж чадахгүй. Бидэнд цаг алдах эрх байхгүй. Шаардлагаа намын даргад хаяглан гардуулах гэж байна хэмээн Намын ээлжит бус онц их хурлын төлөө хөдөлгөөнөөс мэдэгдлээ.Мөн энэ үеэр МАН-ын "Ээлжит бус онц их хурлын төлөө" хөдөлгөөний зохицуулагч дэд зохицуулагч Баяндэлгэр "Үүсээд байгаа нөхцөл байдлыг хэн хүнгүй мэдэж байна. Энэ жил бүх нутгаар гантай. Үүнээс улбаалаад өвөлжилт хүндрэх нөхцөл байдал бүрдэх нь тодорхой болсон. Яагаад ээлжит бус их хурлыг зохион байгуулах шаардлагатай вэ гэвэл ийм онц нөхцөл байдал үүсээд байгаа үед цаг алдах хэрэггүй. Иймээс намынхан амарч зугаалж явахын оронд иргэдийнхээ төлөө шийдвэр гаргах шаардлагатай. Намыг болон засгийг толгойлж байгаа хүн хариуцлагаа хамгийн түрүүнд хүлээх ёстой. Бид иргэдийнхээ саналыг хулгайгаар авч, татварыг нэмэх гэж, албан тушаалын наймаа 60 тэрбумыг эхлүүлэх гэж мөрийн хөтөлбөр дэвшүүлээгүй. МАН ард түмний нам байсаар ирсэн. Гэтэл намын үндсэн зарчим алдагдаж эхэллээ. МАН-ын үндсэн дүрмэнд намын удирдах дээд байгууллага их хурал гэж заасан байдаг. 2013 оны 11 дүгээр сард болж байсан Их хурал өнөөдөр хуралдах цаг нь болсон. Эх орон, эгэл малчид, тариаланчид энэ хугацааг дийлэхгүй. Төрийн төлөө оготно боодог цаг болсон. Хэрвээ бид шаардахгүй бол хугацаа алдаад байна. Хурлаа хурдан хийгээрэй. Холбогдох шат шатны намын удирдлагууддаа хэлээрэй. МАН-ын алдаатай бодлого даамжирч байна. М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар алдаагаа хүлээж, уучлал гуйх ёстой" гэлээ.

Хэвлэлийн хуралд оролцогчид “Намын дотоод ардчиллыг бэхжүүлье”, “Жирийн гишүүдийн үгийг сонс”, “МАН олигархуудын гар хөлийн үзүүрт үйлчлэх ёсгүй” гэх мэт уриа лоозон барьсан байлаа.