Монгол Улсын Засгийн газар, бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ хамтран 2022 оны шилдэг ТОП 100 ААН-ийг тодруулжээ. Шилдэг ААН-үүдийг өргөмжлөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд боллоо. 2022 оны шилдэг 100 ААН-д:
- “Оюу толгой” ХХК
- ХААН банк
- “Энержи ресурс” ХХК
- Голомт банк
- НИК ХХК
- Худалдаа хөгжлийн банк
- АПУ ХК
- “Шунхлай” ХХК
- “Мобиком корпорац” ХХК
- “Монголын алт МАК” ХХК
- “Сентрал Экспресс Си Ви Эс” ХК
- “Мо Эн Ко” ХХК
- Хас банк
- “Юнител” ХХК
- “Си Өү Эй Эл” ХХК
- “М Си Эс Кока Кола” ХХК
- “Бодь-Интернэшнл” ХХК
- “Содмонгол групп” ХХК
- “Болдтөмөр ерөө гол” ХХК
- “Шунхлай трейдинг” ХХК
- “Говь” ХК тэргүүлж байна.
“ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг. Мөн салбарын харьяа яам, төр, засгийн холбогдох байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг. ТОП-100 ААН-үүдийг салбарын бүтцээр авч үзвэл:
- худалдаа үйлчилгээний салбарын 35,
- уул уурхай, олборлох үйлдвэрийн салбарын 15,
- газрын тосны хангамжийн салбарын 15,
- хүнсний үйлдвэрийн салбарын 10,
- банк, санхүүгийн салбарын 7,
- барилга, замын салбарын 5,
- харилцаа холбооны салбарын 5,
- хүнд үйлдвэрийн салбарын 3,
- тээвэр ложистикийн салбарын 2,
- хөнгөн үйлдвэрийн салбарын 2,
- цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн салбарын нэг компани багтжээ.
ТОП-100 аж ахуй нэгжийн борлуулалтын орлого нийлбэр дүнгээр 2022 оны Монгол Улсын ДНБ-ий 73 хувь, төлсөн татварын хэмжээ нь нийт татварын орлогын 28 хувийг бүрдүүлжээ. Манай улсад 1.15 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаагаас 6.2 хувь буюу 71.2 мянгыг ТОП-100 аж ахуйн нэгж цалинжуулж байгаа юм.
ТОП-100 ААН-ийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог өсгөнө.
Энэ талын хамтын ажиллагааны хөтөлбөрийг баталж, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр ТОП-100 ААН-ийг хөрөнгийн зах зээлд IPO хийх, компанийн бонд гаргахад тавьж буй шаардлага, үе шатыг багасгаж, бодлогоор дэмжих аж. Мөн хөрөнгийн зах зээл дэх идэвх сонирхол, оролцоог өсгөх замаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгаж, эдийн засагт гүйцэтгэх үр нөлөөг сайжруулах зорилготой аж.
ТОП-100 ААН-үүдийг үйл ажиллагааны бүтэц, компанийн хэлбэрээр авч үзвэл хязгаарлагдмал хариуцлагатай компани 91, хувьцаат компани 9 байна.