Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр /2017.08.08/ "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Арга хэмжээний үеэр МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, "Зохиомж" дээд сургуулийн төлөөллүүд байлцаж, хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүдтэйгээ уулзалт зохион байгуулсан юм. Тус хөтөлбөр дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 3500 орчим оюутан хамрагдаж, бэлтгэл үүрэгтний үнэмлэх гардаж, тангарагаа өргөсөн байна. Харин энэ жил баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамрагдаж байгаа юм. Энэ сарын 13-нд тангарагаа өргөх тэдний хувьд "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсанаар хүмүүжил, төлөвшлийн өндөр ач холбогдолтой болохыг уулзалтын үеэр онцолж байлаа. БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар тус хөтөлбөрийг залуусыг бие хүн болон төлөвшихөд онцгой ач холбогдолтой болохыг онцлоод бодлогын хувьд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.