Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд боловсруулсан уг сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох хичээлийн хөтөлбөрийг тусгах саналыг ОБЕГ-аас БСШУСЯ-нд хүргүүлсэн юм. Тэгвэл БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт орууллаа. Энэхүү хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах хичээлийн хөтөлбөрт оруулсан нь оюутнуудад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндсэн ойлголт, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг олгож, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг удирдан зохион байгуулах чадвар, дадал эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжих хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгссөн хүн бүр аливаа гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг хамгаалах, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох юм. Түүнчлэн БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар их, дээд сургуулиудын биеийн тамир, эрүүл ахуйн хичээлийн багц цагийг 3 хүртэлх болгож нэмэгдүүллээ.