Хот, нийтийн аж ахуйн 17 төрлийн ажлыг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргээс цахимаар удирдан зохион байгуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 12 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 90 орчим хувьтай байжээ. Тухайлбал, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын найман цэг, түр хамгаалах нэг байршилд нийт 198 хүн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэн ажиллав. Хүүхэд төөрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх утасны дугаар тэмдэглэх хэсэг бүхий 7800 бугуйвчийг хүүхдүүдэд тарааж, эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, төөрсөн 338 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалан ажиллалаа.

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллахыг мөн үүрэг болгосон. Энэ дагуу “Хотоо угаая” их цэвэрлэгээний аянд 10,773 аж ахуй нэгж, байгууллагын 31,775 ажилтан хамрагдаж, 5.4 сая ам метр талбайн 1194.7 тонн хог хаягдал цэвэрлэжээ.  Мөн 88 байршлын 89 га талбайд 13 төрлийн 25,404 мод, бут сөөг, нэг наст 18,240 цэцэг тарьсан байна.

Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн ажил үйлчилгээг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. УБЗАА-наас хот, нийтийн аж ахуйн чиглэлээр 17 нэр төрлийн ажил, үйлчилгээг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байгаа юм.

Гарааш буулгаж чөлөөлсөн тухай нарийвчилсан тоон мэдээллийг гаргаж танилцуулж, чөлөөлсөн талбайг тохижуулах, нийтийн эзэмшилд бүртгэх ажлуудаа эрчимжүүлж, хэрэгжилт, үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлж ажиллахыг үүрэг болгосон. Нийслэлийн хэмжээнд 132 байршилд 2355 гарааш чөлөөлөхөөр төлөвлөснөөс 51 байршилд 854 гарааш чөлөөлөөд байна.