Зөвшөөрөлгүй барьсан 8771 метр хашааг буулгана

Нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг мэдээлэл өгөв. Тэрбээр “Хашаа” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 111 байршилд 8771 метр хашааг буулгахаар төлөвлөсөн. Энэ дагуу 105 иргэн, хуулийн этгээдэд хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Ийнхүү 12 иргэн, хуулийн этгээдээс хариу тайлбар ирсэн байна. Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн дөрвөн байршилд 164 метр, Сонгинохайрхан дүүргийн дөрвөн байршилд 176 метр хашаа чөлөөлсөн. Ирэх зургаадугаар сарын 9-ний дотор Чингэлтэй дүүргийн хоёр байршилд 50 метр, Баянзүрх дүүргийн гурван байршилд 500 метр хашааг чөлөөлөхөөр ажиллаж байна. Харин 46 байршлын 7486 хашааны стандартыг мөрдүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан. 

Мөн Сүхбаатар дүүргийн дүүргийн 15, 16 дугаар хороо, Дамбадаржаагийн гудамжинд 2.8 км авто зам, гүүрний ажил хийж байгаа. Газар чөлөөлөлтөд 99 нэгж талбар өртсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 84 нэгж талбарыг чөлөөлсөн” гэв.

Зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлнэ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгөв. Тухайлбал,

  • Зургаадугаар сарын 7-9-нд зохион байгуулах “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуульд нийт байгууллагууд идэвхтэй оролцох.
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлаа бүх шатандаа эрчимжүүлж, авто зам, явган хүний замын засвар, шинэчлэл, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэл, чанар, стандартад сайтар хяналт тавьж ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/323 дугаар захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
  • “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д зургаадугаар сарын 9-11-нд “ICT EXPO-2023” арга хэмжээ зохион байгуулах тул бэлтгэл ажил болон мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд ажлын уялдаа холбоо, аюулгүй байдлыг сайтар ханган ажиллах.
  • Аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлтэй хийж буй уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, албан бичгийг хууль зүйн үндэслэлтэйгээр эцэслэн шийдвэрлэж, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгов.