“И-Монгол академи” УТҮГ 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 22-ны хооронд харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл технологийн чадварыг дээшлүүлэх зорилго бүхий сургалтыг зохион байгууллаа.
“Хүртээмжтэй технологи” онол практик хосолсон 72 цагийн сургалтад харааны бэрхшээлтэй 4 иргэн хамрагдаж өнөөдөр гэрчилгээгээ гардан авчээ. Харин сургагч багшаар “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын сургагч багш, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны гишүүн, хүртээмжтэй технологийн мэргэшсэн багш Г.Батдэлгэр ажилласан. Тус сургалтад дараах агуулгууд багтаажээ.
Үүнд:
- Компьютерын хэрэглээний программуудыг ашиглах
- Интернэт орчинд ажиллах
- Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан туслах төхөөрөмжүүдтэй ажиллах
- Гар утсыг хүртээмжтэй хэлбэрт хувиргах
- Цахим хуудасны хүртээмжийг үнэлэх
Эдгээр агуулгыг судалснаар суралцагчид дэлгэц уншигч программыг чөлөөтэй ашиглаж, мэдээллийг таньж мэдэх, аливаа мэдээллээс хэрэгцээндээ тохируулан ашиглах, хэрэглэх, боловсруулах, хуваалцах, түгээх зэрэг чадварыг бүрэн эзэмшсэн юм.
Сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газар санаачлан зохион байгууллаа. Тус газар нь бүх нийтийн мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд 2022 оноос хойш нийт 25,984 иргэнд хүрч ажилласан билээ.