НИТХ-ын Ардчилсан намын бүлгээс НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлаар мэдээлэл хийлээ. НИТХ дахь Ардчилсан намын 11 гишүүн Ц.Сандуйг огцруулах бичигт санал нэгджээ. Тэдний хэлу буйгаар “МАН-ын гишүүд өөрсдөө 60 тэрбумтай холбоотой бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Өмнө нь НИТХ-ын дарга Ц.Сандуй НИТХ-ын ээлжит хуралдаанд “Хэрэв энэ бичлэг эвлүүлэг биш гэдэг нь нотлогдвол би өөрөө энэ ажлаа өгч, огцорно гэж хэлж байсан” гэнэ. Тиймээс МАН-ын гишүүдийн зүгээс энэ бичлэгийг эвлүүлэг биш бодит бичлэг гэж үзэж байгаа учраас бид ч гэсэн НИТХ-ын ээлжит сонгуулийг хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой” гэсэн юм.
Тиймээс НИТХ-ын ээлжит бус хуралдааныг энэ сарын 31-ний өдөр хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх ёстой гэж НИТХ-ын АН-ын бүлэг үзэж байгаа юм байна. Ц.Сандуйг огцруулахаар МАН-ын 16, АН-ын 11 гишүүн гарын үсэг зураад байгаа аж. НИТХ-ын дүрмийн дагуу НИТХ-ын ээлжит бус хуралдааныг нийт гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэнээр хуралдуулдаг аж. НИТХ 45 гишүүнтэй бөгөөд одоогоор ээлжит бус хуралдааныг хуралдуулж, Ц.Сандуйг огцруулах бичигт 27 гишүүн гарын үсэг зуржээ.
Мөн НИТХ-ын АН-ын бүлгээс МАН-ыг энэ зун бүтээн байгуулалтын ажлаа хийхгүй улстөржсөөр байгаад харамсч байгаагаа илэрхийллээ. Энэ зун нийслэлд 16 цэцэрлэг, сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөн баталсан ч одоогийн байдлаар таван барилга 50 хувьтай, дөрвөн барилга 50 хувьд хүрээгүй, долоон барилгын ажил огт эхлээгүй байгаа аж.