Авто худалдааны цогцолборт хөрөнгө оруулсан 2000 орчим иргэдийн төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа. Тодруулбал, тус худалдааны төвд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх иргэд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдлээ. Улаанбаатар хотын эргэн тойрон дахь авто захуудыг нэг дор нэгтгэх “Авто худалдааны цогцолбор”-ыг тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн санаачлгаар 2015 оны хоёрдугаар улиралд ашиглалтад орох байсан. Гэвч өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот доторхи нэг ч авто захын үйл ажиллагааг зогсоож, нүүлгэн шилжүүлээгүй байгаа нь хөрөнгө оруулалтад хийсэн 2000 гаруй иргэд эдийн засгийн хохирол амсаж байгаа аж. Нийслэл хотод 27 га талбайд буюу авто машин, тэдгээрийн сэлбэг, дагалдах хэрэгслийг худалдаалах зориулалтын бус газарт үйл ажиллагаа явуулдаг есөн томоохон зах, 34 цэгүүдэд нийт 7000 автомашины зогсоол байдаг аж. Харин “Авто Худалдааны Цогцолбор” нь 130 га эдэлбэр газрыг хамарч, том, жижиг оврын нийт 14000 авто машины зогсоолтой байхаар, бизнес эрхлэгчид өөрсдөө хөрөнгө оруулалт хийж, авто машин худалдах зогсоолуудыг нэгийг нь дөрвөн сая төгрөгөөр худалдан авсан байна. Гэтэл 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн 500 бизнес эрхлэгч хотын удирдлагын шийдвэрийг дөрвөн жил хүлээж, мөнгөө эргэлдүүлж чадахгүй суугаа гэв.
Тиймээс Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон ажлын хэсгийн ахлагч Засаг даргын орлогч П.Баярхүү нарыг “Ширээний ард суугаад ярьдаг яриагаа ажил хэрэг болгож, асуудлыг бодитой шийдэн, хөрөнгө оруулалтыг ашигтай болгож өгөх”-ийг шаардав. хүйтрэхээс өмнө доривтой арга хэмжээг авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгохоос өөр аргагүй гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.