Ойрын өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.
2023 оны 7 дугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун, зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5+10 градус, өдөртөө +18+23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +18+23 градус, өдөртөө +33+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13+18 градус, өдөртөө +29+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10+15 градус, өдөртөө +23+28 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.