Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Ар Зайсангийн зүүн тал /Соёмботой уул/-ын орчмын үерт автсан байршилд ажиллан, иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Энэ хэсгийн усанд автсан бүсэд 28 айл амьдардаг бөгөөд тэдгээрийг нүүлгэн шилжүүлээд буй. Хан-Уул дүүргийн удирдлагуудын зүгээс усанд автсан хэсэгт амьдарч буй 10 өрх газрын бичиг баримтгүй, түрээсээр оршин суудаг гэдгийг хэлж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Туул голоос урагш тухайн хэсгийн газар тусгай бүс учраас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа. Нийслэлийн захиргаанд харьяалагддаггүй. Гэвч асуудал тулгарахад нийслэл рүү бүх хариуцлагыг өгч байдаг. Үр дүнд нь Улаанбаатар хотын иргэд төөрөгдөж, хохирч байна. Нийслэлийн хувьд цэвэрлэгээ, хог тээвэр, тог, ус дулаан гэх мэт хот, нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээг хариуцдаг. Үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийн, хохирлыг тогтоох, хэрэгцээний үнэлгээ хийх Ажлын хэсгийг байгуулсан. Хохирлын хэмжээг тогтоон НОК-т танилцуулна. Дахин үер болох магадлалтай учраас эрсдэлийн үнэлгээг ч мөн хийнэ хэмээлээ.