Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаар хангана

Улсын ургацын комиссын өнөөдрийн хуралдаанаар энэ жил улаанбуудай 17 хувь, хүнсний ногоо 18 хувь, малын тэжээл 42 хувиар өсөх урьдчилсан төлөв гарсан болохыг танилцууллаа.

Энэ онд улсын хэмжээгээр 369.3 мянган га-д үр тариа, үүнээс 345.4  мянган га-д улаанбуудай, 18.4 мянган га-д төмс, 13.9 мянган га-д хүнсний ногоо, 89.3 мянган га-д малын тэжээл, 131.7 мянган га-д тосны ургамал, 7 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 629.6 мянган га-д тариалалт хийсэн байна. Ургацын урьдчилсан балансаар 501 мянган тонн үр тариа, үүнээс 472.2 мянган тонн улаанбуудай, 165 мянган тонн төмс, 165.7 мянган тонн хүнсний ногоо, 64.8 мянган тонн тосны ургамал, 225.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 5 мянган тонн жимс жимсгэнэ тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарчээ. 

Урьдчилсан балансаас харахад улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдсэн бөгөөд улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 70 мянган тонн буюу 17 хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 25.7 мянган тонн буюу 18.3 хувиар, малын тэжээл 67.2 мянган тонн буюу 42.4 хувиар өсөхөөр байна. Энэ жилийн хувьд 4, 5 дугаар сард хүйтэн сэрүүн байсантай холбоотойгоор хаврын тариалалт урьд жилүүдээс 5-7 хоногоор хожуу эхэлсэн ба ургалтын хугацаанд газар тариалангийн төвийн бүсэд цаг агаар тааламжтай, хур тунадас дунджаас ахиу орсноор таримлын өсөлт хөгжилт сайжран, ургацын болц жигдэрч ургацын хэмжээ, чанарт эерэгээр нөлөөлөхөөр байгаа аж. Мөн улаанбуудайн үр, технологийн шинэчлэл хийсний үр дүнд нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3.8 цн/га-аар буюу 30 гаруй хувиар нэмэгдэх төлөв гарчээ.

Харин Увс, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай зэрэг аймагт зуны эхэн үед хур тунадас бага орж гандуу байсан, мөндөрт цохиулах зэргээр байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр ургамлын өсөлт хөгжилт саарч, ургацын болц жигд бус, ургацын хэмжээ өмнөх жилүүдээс харьцангуй буурахаар байна. Цаг агаарын урьдчилсан  мэдээгээр ирэх сарын дунд 10 хоногийн эцсээр тариалангийн бүс нутгаар хур тунадас, цас орж цочир хүйтрэх төлөвтэй. Тиймээс ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах үүднээс ургацын зам, гүүрийн эвдрэл гэмтлийг шуурхай засварлах, ургац хураалтад оюутан, сонсогчид, иргэдийг ажиллуулах нөхцөлөөр хангах чиглэлээр холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэв.