П.Орхон Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандууллаа

Францын Парис хотноо болж буй тэмцээнд өчигдөр манай 4 бөх зодоглосон. Манай бөхчүүд өчигдөр бүгд эхний даваагаа амжилттай давсан боловч хоёр, гурав дахь барилдаанууддаа гурав нь бүдэрлээ.

Харин Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга,  Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс долоо дахь алтан медалийг авч чадлаа. Тэрбээр Парисын дэвжээнд эхлээд 2012 оны ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр ялсан.  Улмаар  “Москва-2010” ДАШТ-ий хүрэл медальт, 2012 оны Европын аварга Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, 1/4 шигшээд Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр дарсан. Харин хагас шигшээд “Бээжин-2008”, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр ялж, финалдсан юм. Харин алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандуулав.

 

Тэрбээр чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин боллоо. Түүнээс өмнө энэ өндөрлөгт хөдөлмөрийн баатар З. Ойдов, Х. Баянмөнх, С. Батцэцэг, МУ-ын гавьяат тамирчин С. Цэрэнчимэд нар энэ өндөрлөгт хүрч байжээ.

1 сэтгэгдэл

Comments are closed.