рөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-ын цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал тэргүүтэй гишүүд болон төрийн алба, хувийн хэвшлийн төлөөлөлтэйгээр Эстони Улсад айлчилж, тус улсын И-Засаглалын академиас зөвлөх үйлчилгээ авсны үндсэн дээр төрийн цахимжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлсэн билээ.
Тус зөвлөх үйлчилгээний хүрээнд УИХ-аас цахим хөгжлийг дэмжих 4 хуулийг баталж, Хур болон Дан системийн шинэчлэлийг хийж, И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн системийг ашиглалтад оруулж, хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээг нэгтгэн НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр манай улс 18 байраар урагшилсан юм. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны “Шил” ажиллагааны үр дүнд Нийтийн мэдээллийн ил, тод байдлын хуульд заасан 68 төрлийн мэдээллээс 750 мянга гаруй мөр өгөгдөл shilen.gov.mn-д нээлттэй болж шилэн төрийг бий болгох ажил эрчимтэй өрнөж байна.
Эстонийн Таллин хотод зохион байгуулагдаж буй “Нээлттэй засгийн түншлэл” дээд хэмжээний 8-р уулзалтаас “Нээлттэй засгийн түншлэл” OGP Монгол Улсын цахим засаглал, нээлттэй ил тод байдлыг үнэлэн өнөөдөр дээд хэмжээний уулзалтын үеэр ЦХХХЯ, И-Монгол академид “Нээлттэй засгийн хүндэт өргөмжлөл” хүртээлээ. Нээлттэй засгийн үнэлгээнд өндөр оноо авч олон улсад үнэлэгдсэн нь манай орны бизнесийн орчинд гадаад хөрөнгө оруулагч нарын итгэх итгэлийг сэргээсэн үйл явдал болоод зогсохгүй авлигагүй, ил тод байдалд өгсөн тус үнэлгээ нь авлигын индексийг бууруулахад ч том түлхэц болох юм.
Дашрамд дуулгахад “Нээлттэй Засгийн Түншлэл” (OGP) байгууллага нь хоёр тэрбум гаруй хүн буюу 75 улс, 104 орон нутгийн засаг захиргаа, олон мянган иргэний нийгмийн байгууллагуудыг хамардаг.
2011 онд Засгийн газрын тэргүүнүүд болон иргэний нийгмийн төлөөллүүд ил тод, оролцоотой, хүртээмжтэй, хариуцлагатай засаглалыг дэмжихийн тулд энэхүү өвөрмөц түншлэлийг бий болгосон юм.