Ургац хураалтын явцын мэдээгээр улсын хэмжээнд есдүгээр сарын нэгний байдлаар 107.7 мянган тонн хадлан бэлтгэн, 19.5 мянган тонн хүнсний ногоо, 8 мянган тонн төмс хурааж, 2.5 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ.
Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад бэлтгэсэн хадлан 15.8 мянган тонн буюу 17.2 хувь, хүнсний ногоо 2.5 мянган тонн буюу 14.4 хувиар өсөж, харин төмс 5.1 мянган тонн буюу 39.1 хувь, гар тэжээл 3.1 мянган тонн буюу 55.8 хувиар буурав. Хураасан төмс өмнөх оны мөн үеийнхээс Дундговь, Баянхонгор, Завхан, Булган, Сүхбаатар, Говь-Алтай, Өвөрхангай, Говьсүмбэр, Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Төв, Сэлэнгэ аймагт 0.7-4.7 мянган тонноор буюу 9.1- 99.7 хувиар буурч, харин Улаанбаатар хот, бусад аймагт 0.9 тонноос 289.5 тонн буюу 0.7 хувиас 87.8 дахин өсжээ.
Хураасан хүнсний ногоо өмнөх оны мөн үеийнхээс Сүхбаатар, Баян-Өлгий, Завхан, Дорноговь, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Говьсүмбэр, Өвөрхангай, Хэнтий, Ховд, Сэлэнгэ аймагт 1.4 тонноос 4.6 мянган тонн буюу 5-96.7 хувиар буурч, харин нийслэл болон бусад аймагт 0.1-5.2 мянган тонноор буюу 6.9 хувиас 30.5 дахин өссөнийг ҮСХ-ноос мэдээллээ.