Нийслэлийн аврах 105 дугаар ангийн эмч, дэд хурандаа Хүрэлбаатарын Энхбаттай ярилцлаа.
– Сайн байна уу. Тантай анх ярилцахаар ирэхдээ цагаан халаадтай эмэгтэй хүн байх болов уу гэж төсөөлж байлаа. Гэвч аврагчийн хувцастай эрэгтэй хүн зогсож байх юм?
– Аврах ажиллагаанд ихэвчлэн эрчүүд оролцож явдаг болохоор эмчийн албанд эрэгтэй хүн ажиллах нь түгээмэл. Манай Онцгой байдлын газрын төв, нийслэлийн алба дээр бол эмэгтэй эмч нар байна. Тэд ихэвчлэн дуудлага мэдээлэлд явалгүйгээр алба хаагчдынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж, эмчилгээ үйлчилгээгээ үзүүлдэг. Харин эрэн хайх, аврах ангид ажиллаж байгаа бид аврагчийн хувцастайгаа л ажиллана. Манай ангид гэхэд надтай нийлээд дөрвөн эрэгтэй эмч бий.
– Та ажил албаныхаа талаар манай уншигчдад танилцуулаач. Аврах ангийн эмч ямар чиг үүрэгтэй ажилладаг юм бэ?
– Би 2013 оноос хойш энэ аврах ангид эмчээр ажиллаж байна. Төрийн тусгай албанд ажилласан нийт хугацаа гэвэл 18 жил. Миний үүрэг бол аливаа нэг аюул ослын дуудлагад түргэн шуурхай очиж бэртсэн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, хоёрдугаар шатны эмнэлэгт хүргэх юм. Манай нөгөө эмч нарыг Баттулга, Эрдэнэзуу, Мэндбаяр гэдэг. Гурвуулаа ахмад цолтой, 10 шахам жил ажиллаж буй туршлагатай, ажлаа мэддэг хүмүүс. Бид 24 цагаар ээлжлээд үүргээ гүйцэтгээд явдаг.
– Аврах ангийн эмч, түргэний эмчтэй төстэй санагдлаа. Гэхдээ ажиллах орчин нөхцлийн хувьд ялгаатай байдаг байх?
– Бидний ажил мэргэжил хэр хурдан шуурхай байхаас хамааран хүний амь хэмжигддэг, хариуцлагатай байх ёстой. Ялгаатай нь түргэний эмч тодорхой бүсэд ямарваа нэгэн иргэний дуудлага мэдээллээр очиж эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ, зөвлөнө. Харин аврах ангийн эмч зам тээврийн осол, өндрөөс аврах ажиллагаа, цас зуданд боогдсон эрэл хайгуул, уулын мухарт гээд дандаа л аюул осол дээр очиж, эмнэлгийн анхан шатны тусламжийг хүргэдэг. Эмч хэр сайн байхаас хамаарч аюултай нөхцөл байдлаас иргэд аврагдана. Байгалийн хүнд ширүүн нөхцөл, хүйтэн халуун, ноцтой осол аваарын үед эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх нь бидний хувьд энгийн л өдөр тутмын ажил байдаг. Анхны тусламжийг цаг алдалгүй, хурдан шуурхай, зөв үзүүлсэн байхад тухайн хүний амь нас аврагдаж цаашлаад өвчин нь эдгэрэх явц хурдан байдаг.
– Онцгой байдлын байгууллагад эмч нарыг цаанаас нь томилдог уу, эсвэл сонгон шалгаруулдаг уу. Та хаана энэ мэргэжлийг эзэмшсэн бэ?
– Би Анагаах ухааны их сургуульд 1999 онд суралцаж төгссөн. Тэгээд Төмөр замын цагдаагийн хэлтэст 1999-2006 он хүртэл эмчээр ажилласан юм. Энэ албандаа 2013 оноос хойш тасралтгүй 11 дэхь жилдээ ажиллаж байгаа. Мэдээж аврах ангид эмч болохын тулд зохих эмнэлгийн сургуулиа төгсөнө. Тэрний дараа өөрийн хүсэл сонирхлоор Онцгой байдлын албанд ирж материалаа бүрдүүлж өгөөд сонгон шалгаруултад ордог.
– Та бусад алба хаагчидтайгаа зэрэгцээд бэлтгэл сургуулилтаа хийгээд явдаг уу?
– Тийм ээ. Өглөө бусадтайгаа адилхан ээлжээ аваад адилхан л гүйж харайгаад дадлага сургуулилтаа хийгээд явна. Толгойн хамгаалалт, өвдгөвч гээд л хамгаалах хэрэгсэл юу байна, тэд нарыгаа зүүгээд л адилхан сургуулилт хийнэ. Аврагч нар хүнээ гаргаж ирж байхад түүн дээр гүйж очоод ямар гэмтэл байна, тэрийг нь тодорхойлоод анхны тусламж үзүүлнэ.
– Бусдад сэрэмжлүүлэг болгохоор, таны санаанаас гардаггүй дуудлага гэвэл юу байна вэ?
– Ханын материалын тэнд хувийн тоосгоны үйлдвэр дээр очиж ажилласан маань санаанд бууж байна. Тэнд тоосгоны машин ажиллуулж байсан нэг хүн машиндаа бүтэн биеэрээ ороогдоод, хөл гар нь биеэсээ тасарчихсан байсан. Тоосго цохиж байгаад ороогдчихсон юм байна лээ. Тэгэхэд бид нар эргэдэг төмөр ирийг нь буцааж гараар эргүүлээд, биеийн хэсгүүдийг нь гаргаж авч байсан юм. Харамсалтай нь тэр хүн хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүйгээс амь насаа алдсан байв. Тэгэхээр ямар ч үед анхаарал сэрэмж маш чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн сэрэмжлүүлэг болж болох нэг жишээг ярья. Богд уулын Дугуй цагаан руу нэг хүн ууланд гарч яваад хөлөө хугалчихлаа гэсэн дуудлага ирсэн юм. Гурван аврагчтай, бүлгийн даргатайгаа нийлээд тавуулаа очсон. Тэгтэл нөгөө хүн эвгүй гишгээд баруун хөлний шилбээ хугалчихсан байв. Газар дээр нь чиг тавьж боогоод хүнээ носилкоороо доош нь буулгаад эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн. Ууланд авирч яваад хүний шилбэ хугарна гэдэг маш ховор. Эгзэг нь таарсан үед анхаарал болгоомжгүйгээс гэмтэх тохиолдлын жишээ юм даа. Тэр хүн эргээд гурав дөрвөн сарын дараа утсаар ярьж байсан.
– Таны ажил янз бүрийн осол гэмтлийн дунд өрнөдөг. Ингээд удахаар хүн тийм юмнаас айхаа болино гэж байх уу?
– Анх нэлийсэн их цус, талаар нэг тарчихсан аваар осол харахаар нүд хальтрамаар байдаг. Гэвч сүүлдээ дасаад хүндээр хүлээж авахаа больсон. Магадгүй өдийг хүртэл яваа минь албандаа дуртай байгаатай л холбоотой болов уу. Одоо ч баргийн зүйлд айхааргүй сэтгэлийн хаттай болжээ.
– Ажил үүргийн үр дүн гүйцэтгэлээ хэмждэг үү. Аварсан хүний тоог барагцаалж хэлвэл?
– Нарийн гаргаж үзээгүй ээ. Жилдээ 94-95 удаа ажил дээрээ хонож жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг юм. Зарим үед дуудлагатай, зарим үедээ харьцангуй бага гэж бодохоор жилдээ 70-80 хүнийг авран хамгаалдаг гэж болно. Олныг хамарсан осол дээр ажиллахаар, аварсан хүний тоо тэрнээс ч их гарна л даа.