УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, гурван асуудал хэлэлцсэн байна.
Тус хуралдаанаар Монгол Улс Франц Улстай ураны салбарт хамтран ажиллах тухай асуудлыг хэлэлцээд дэмжжээ. Хоёрдугаарт ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулж хийсэн Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллийг сонссон байна. Гуравдугаарт хүүхэд хамгааллын чиглэлээр болосвруулсан 4-5 хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон гэж бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээллээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг өнгөрөгч баасан гарагт дуудаж уулзах үеэрээ хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг үйлдэж гэмт хэрэгт ноогдуулах ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын ирэх лхагва гаргийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихыг үүрэг болгосон. Энэ хүрээнд боловсруулсан төслөө УИХ дахь намуудын бүлэгт танилцууллаа.
тус өөрчлөлтөөр Эрүүгийн хуульд өөрчлөлт орж, Гэр бүлийн тухай хуулийг шинэчилсэн хэлбэрээр өргөн барих болно. Гэр бүлийн шүүх байгуулахтай холбогдуулж Шүүх байгуулах тухай хуулийн төслийг өргөн барина. Дөрөвдүгээрт Шүүх байгуулах тухай хуультай холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтийг өргөн барих юм. Урьдчилсан байдлаар Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн амь насыг бүрэлгэх, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиараа 20 жил. Үүнийг 30 жил болгон чангатгана. Хоёрдугаарт хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй.
Гуравдугаарт хүний амь насыг хөнөөх, гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийн амь насыг бүрэлгэх, хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэг, авлигын гэмт хэрэг үйлдсэн бол хугацаанаас нь өмнө суллахгүй. Дөрөвдүгээрт бага насны хүүхдийн амь насыг бүрэлгэсэн буюу хүчиндсэн бол одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж хуулийн 20 жилийн хорих ялыг 25 жил болгож нэмэгдүүлнэ. Тавдугаарт зарчмын шинжтэй нэг өөрчлөлтийг оруулах саналтай байна. Энэ бол манай улсын эрх зүйн тогтолцоонд 1986 оноос хойш бага насны хүүхэд гэдэгт 14 хүртэлх насны хүүхдийг хамаатуулж ирснийг 16 болгох саналыг оруулж буй. Ингэснээр Эрүүгийн хуульд туссан 10 гаруй гэмт хэрэгт ноогдуулж буй ялын бодлого чангална. Тухайлбал, 14-16 насны хүүхдийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгт 8-15 жил байсан бол 12-25 жил болж, бүх насаар нь хорих ялтай болно. 14-16 насны хүүхдийг хүчирхийлсэн бол одоогийн хуулиар 5-12 жилийн хорих ял ноогдуулж байгааг 12-25 жил болгох буюу бүх насаар нь хорьдог болно. Бага насны хүүхдээр бэлгийн дур хүслээ ёс бус хэрэгцээгээ хангасан гэмт хэрэгт одоогийн хуулиар 1-5 жилийн хорих ял ноогдуулж байгааг 2-8 жил болгон өөрчилнө. Гэхдээ тэнсэхгүй.
Мөн 14-16 насны хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигласан бол 2-8 жил хорих ялтай байгааг 12-20 жил буюу бүх насаар нь хорино. Хүчингийн гэмт хэрэгт дотор нь ялгамжтай заалт орно. Хүчээр бэлгийн харьцаанд орсон бол гэмт хэргийн хүнд ангилалд хамруулж, 2-8 жилийн хорих ял оногдуулах ба тэнсэхгүй. 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон эсвэл гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол 8-15 жил байгааг 12-25 жил болгон нэмэгдүүлэх буюу бүх насаар нь хорино.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан бол ялыг чангатгана. Үүнд иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид энэ заалт үйлчлэхгүй. Зөвхөн хууль хүчний байгууллагынханд хамаатай байх болно. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан төрийн албан хаагчийг нийтийн ажил хийх эрхийг бүх насаар нь хасна.
Үүний зэрэгцээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцно. Мөн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүнд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцогдоно. Гэр бүлийн дагасан шүүхийг Улаанбаатар хотод байгуулж, Гэр бүлийн тухай хуулийг өргөн барихаар болсныг бүлэгт танилцууллаа" гэв.