Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын орлогч дарга Жан Жифэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө өнгөрсөн хугацаанд хоёр хотын найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарт өргөжин хөгжиж ирсэн бөгөөд цаашид ч энэ харилцааг үргэлжлүүлж, олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгийг онцоллоо. Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн зүгээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээс эхлэн олон салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлж байв.
Улаанбаатар нь 1991 оны арванхоёрдугаар сарын 10-нд Хөх хоттой Ах дүү хотын харилцаа тогтоох тухай Санамж бичиг байгуулсан. Улмаар 2021 онд Ах, дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан хоёр хотын дарга найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг шинэчлэн байгуулсан юм.