Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн тариалангийн бүс нутагт Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, холбогдох хүрээлэнгийн ажилтнуудыг гангийн нөлөөллийг тогтоож зураглал гаргах, ургацын төлөв байдал, ургац хураалтын бэлтгэл ажлын явцтай танилцаж эрчимжүүлэх, дүгнэлт гаргах, тариаланчдад зөвлөгөө өгөх, тариа хураалтын технологийг тодорхой болгох үүрэг чиглэл өгөв. Үүрэг чиглэлийн дагуу Сэлэнгэ, Төв, Булган, Орхон, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн тариалангийн бүст нутагт 4 ажлын хэсэг ажиллах юм.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 2017 оны хаврын тариалалтыг 5-р сарын 03-наас эхлүүлж, нийтдээ 517,4 мянган га-д тариалалт хийгээд байна. Үүнээс үр тариа 391,6 мянган га-д, улаан буудай 366,9 мянган га-д, төмс 14,6 мянган га-д, хүнсний ногоо 7,2 мянган га-д, тосны ургамал 75,9 мянган га-д, тэжээлийн ургамал 25,7 мянган га-д, эмийн ургамал 1,9 мянган га-д, жимс жимсгэнэ 287,1 га-д тус тус тариалсан байна.
Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг багасгах, тариалалтын технологийг хугацаанд нь чанартай зохион байгуулах зорилгоор Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан дутагдах үрийн буудайг 40 хувь, шатахууныг 50 хувь, бордоо ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар тус тус 1300 гаруй аж ахуй нэгж иргэнд зээл олгосон байна. Нийт 16.2 тэрбум төгрөгийн үр, шатахуун, ургамал хамгааллын бодис бордоог гэрээ хийж тариаланчдад олгожээ.
Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэргэжлийн баг бэлчээрийн төлөв байдлын судалгааг хийж эргэж танилцуулахыг /2017.07.26/ үүрэг болголоо. Эрүүл бүсээс мал мах бэлтгэж, экспортлох ажлыг дэмжиж ажиллах чиглэлийг Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт үүрэг болгосон байна. Өнөөдөр /2017.07.27/ 21 аймгийн Засаг дарга нар, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай видео хурал хийж, энэ хурлаар зуншлага, өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдэл, цаг үеийн мэдээллийг сонсож, тодорхой арга хэмжээг авч үүрэг чиглэл өгөх юм.