Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн зуншлагын байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахтай холбогдуулан аймгуудын Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга нартай өнөөдөр /2017.07.27 /цахим хурлыг хийж үүрэг даалгавар өглөө. Энэ удаагийн хурлаар аймгуудын зуншлага, Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолын дагуу авсан арга хэмжээний талаар, аймгийн аюулгүй нөөцөд бэлэн байгаа өвс, тэжээл, өөрийн аймагт хадлан бэлтгэх боломжгүй бол аюулгүйн нөөцийн өвс, тэжээл худалдан авахаар төлөвлөж байгаа аймаг сумын мэдээлэл, аймаг сумдын нутаг, улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газар, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутагт малын отор нүүдэл хийх, зах зээлд нийлүүлэх боломжтой малын тоо, 2017-2018 онд өвөлжих малын тоо, өвөлжилтийн байдал, малын өвчлөл, ургацын байдалтай холбогдуулан Засгийн газарт тавих саналыг зэргийг хөндсөн юм.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн тавдугаар сард олон жилийн дунджаас 2.2 хэмээр, зургадугаар сард 2.8 градусаар дулаан байсан нь 1960 оноос хойш ажиглагдаагүй их халуун болсон тухай мэдээлэл гаргасан. Мөн 7 дугаар сарын 20-ны байдлаар Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим нутгаар буюу нийт 150 орчим сумдын нутгаар гантай, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Хэнтийн зарим нутгаар буюу нийт 50 гаруй суманд гандуу байна гэсэн гангийн үнэлгээ хийсэн. Яаманд аймгуудын ХХААГазруудаас ирүүлсэн мэдээгээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн, 43 хувь нь гандуу, 34 хувь нь гантай байна. Улсын хэмжээнд 2016 оны эцэст 61.5 сая толгой мал тоологдсон бөгөөд оны эхний хагас жилд 21.9 сая төл бойжиж байна. Энэ жил улсын хэмжээнд 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоог гаргаад байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол гаргуулж биелэлтийг хангуулахаар Аймаг, нийслэлийн ХХААГ-д албан даалгавар хүргүүлж биелэлтийг гаргаж ажиллаж байна” гэв.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П. Сэргэлэн орон нутгийн удирдлага, Хөдөө аж ахуй газрын дарга нарт дараах үүрэг даалгаварыг өгсөн юм.
1.Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу Хөдөө аж ахуйн салбарын 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах, байгаль цаг уурын болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг баталж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах,
2.Хадлангийн нөөцгүй гантай байгаа аймгууд хадлангийн нөөцтэй аймаг, сумын удирдлагуудтай харилцан тохиролцож хадлан бэлтгэх ажлыг шуурхай зохион байгуулах, /энэ жил байгалийн хадлан өвс, тэжээл экспортлохыг хориглосон тул зүүн аймгуудын ААН-үүдыг дотоодын зах зээлд нийлүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах/
3.Улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний отрын бүс нутаг, тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газруудад отроор өвөлжих малчин өрх, малын тоог тодорхой гаргаж холбогдох газруудад хүсэлт гаргаж, гэрээ байгуулан малчдыг отроор өвөлжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх,
4.Дотоодын зах зээл дээрх махны үнийг тогтворжуулах, дотоод хэрэгцээнээс илүүдэлтэй байгаа нөөцийг эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлоготой уялдуулан эрүүл бүсчлэл бий болгон мах бэлтгэн экспортод гаргадаг аж ахуйн нэгжүүдийг дэмжих,
5. Мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж аймаг, сум дамжуулан отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийхэд нь дэмжиж ажиллах
6.Малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн аймгийн аж ахуйн нэгжүүдээс аймаг, сумынхаа нөөц бүрдүүлж малчиддаа хүргэх зохион байгуулалтын арга хэмжээ авах,
7.Улсын төсвийн 2017 оны тодотголын хөрөнгө оруулалтаар батлагдсан инженерийн хийцтэй худаг барьж байгуулах ажлыг ХХААХҮСайдын А/74 дугаар тушаалаар батлагдсан хуваарийн дагуу 10 дугаар сард багтааж хүлээн авах,
8.Малын гоц халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга хэмжээг технологит хугацаанд нь чанартай зохион байгуулах, удирдлага зохион байгуулалт, арга зүй, заавар зөвлөмж, туслах хүн, хүчээр хангаж, гүйцэтгэлийн хяналт, үр дүнг дээшлүүлж ажиллах;
9.Мал сүргийг зун, намрын угаалгад бүрэн хамруулж, өвчтэй мал байсан болон хил залгаа нутгийн нийт хот бууц, хашаа хороог ариутган халдваргүйжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд Засаг даргын шийдвэр гарган 10 сард компанит ажил болгон зохион байгуулах;
10.Харъяа нутаг дэвсгэртээ байгаа мал сүргийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулан малын гоц халдварт өвчний тандалт, шинжилгээ, дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, гоц халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх ухуулга, сургалт, сурталчилгааны ажлыг тогтмолжуулах, орон нутгийн болон хил залгаа нутагт дахь ард иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх;
11.Ургацын урьдчилсан балансыг 8 дугаар сарын 18-ны дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах, хураах арга технологийг боловсруулах,
12.Ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах, намхан тачир, алаг цоог болцтой тариаг хаягдалгүй хураахад зориулсан техник тоног төхөөрөмжийг тоноглож бэлэн байдлыг хангаж ажиллах,
13.Ургац хураалтад ажиллах хүн хүчний тооцоог гаргаж захиалгаа өгөх, техник, тоног төхөөрөмж, зоорь, агуулах, үтрэмийн засвар үйлчилгээг шуурхайлж бэлэн байдлыг хангах,
14.Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн бүр дотоодын ургацаасаа боловсруулж бэлтгэсэн уриншиндаа хүрэлцэхүйц хэмжээний үрийн буудайн нөөц бүрдүүлэх