Автобусны тендерийг дахин зарлалаа

Нэг бүрийн үнэ нь 140 сая төгрөгийн үнэтэй ногоон автобусаар парк шинэчлэл хийх гэж байсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, түүгээр ч зогсохгүй уг автобусыг оруулж ирсэн хүмүүс өдгөө шалгагдаж байгаа юм. Иргэдийн дунд “Цавчаа ногоон” хэмээн нэрлэгдэж буй тус автобуснууд “Тэнүүн Огоо” компанийн хашаанд бий.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дахин автобус худалдах, худалдан авах нээлттэй тендер зарлажээ. Гэхдээ үүнд “Тэнүүн Огоо”-г оролцуулахгүй.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар ярихдаа “НЗДТГ-аас “Тэнүүн-Огоо”-той байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалсан. Цаашид тус компаниас нэг ч автобус нэмж авахгүй. Ногоон автобусыг бүр ч авахгүй. “Тэнүүн-Огоо”-гоос урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэх хүсэлтээ АТГ-т хүргүүлсэн. Тус компанийн дансанд 11 тэрбум төгрөгийн барилт хийж, бүх хөрөнгийг царцаасан” гэлээ.