“Туурайн төвөргөөн” Олон улсын хөгжим, соёл, аялал жуулчлалын 24 дүгээр их наадам

ТОРГОНЫ ЗАМ ФЕСТИВАЛЬ НЬ 1999 ОНООС ХОЙШ ЯВАГДАЖ БАЙНА.

Хархорум (Хархүрэм) буюу Каракорум хот нь Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол Улсын нийслэл хотыг Аураг ордноос тус хотод шилжүүлэх зарлиг гарч, Өгэдэй хааны үеэс албан ёсны нийслэл болсон юм. XIII зууны үед байгуулагдсан бөгөөд уг хот нь Мин улсаас явуулсан довтолгооны үр дүнд 1388 онд сүйдсэн. Сүүлийн жилүүдэд төр засаг болон ард түмний дунд уг хотын байсан газарт шинэ хот үүсгэн байгуулж нийслэл хот болгох санал санаачилга гарч байсан болно.

Торгоны зам нь НТӨ 115 оноос XIII-р зуун хүртэл хамгийн чухал худалдаа арилжааны зам байсан юм. Торгоны замаар зөвхөн худалдаачид, цэргүүд зорчиж байсангүй, харин бүхэл бүтэн соёл, нээлт, шашин шүтлэг зүүнээс баруун руу, баруунаас зүүн зүг рүү чиглэн “зорчиж“ байв.

Газар дундын тэнгисээс төв азиар дамжин, зүүн азийг холбодог. Монголчууд Ази Европыг холбосон замыг эзэлснээр худалдаа аюулгүй явагдаж, эзэнт гүрэн дотор худалдаа хийх пайз олгодог байжээ. Торгоны зам гэдэг нь Азиас Европ хүрдэг зам ажээ. Италийн аялагч Марко Поло энэхүү замаар аялж Европчуудад Хятадын баялгийн талаар мэдээ хүргэжээ. Эзэнт гүрэн сулран доройтох хүртэл энэхүү замаар худалдаа наймаа хийдэг байсан байна.