Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничитэй уулзлаа. Талууд нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцсон юм.
Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн хүний нөөц дутагдалтай байгаа тул боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
ЖАЙКА-ийн зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллахаа мөн илэрхийлж, Хотын даргыг Токио хотын бүтээн байгуулалт, гамшгийн эрсдэлийн үеийн аюулгүй байдалтай танилцахыг урив. Уулзалтын төгсгөлд талууд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн ажиллахаа тохиролцов.