Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, Баян-Өлгийн нутаг, Ховд, Хөвсгөлийн баруун өмнөд, Увсын зүүн, Завханы хойд болон зүүн хэсгээр энэ сарын 4-нд цасан шуурга шуурна.
Мөн Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, маргааш өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.
2023 оны 12 дугаар сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд Алтай салбар уулс болон говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -30-35 градус, өдөртөө -21-26 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -25-30 градус, өдөртөө -13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10-15 градус, өдөртөө -3-8 градус, бусад нутгаар шөнөдөө -19-24 градус, өдөртөө -10-15 градус хүйтэн байна. 7-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулрах боловч, 8-наас хүйтний эрч эрс чангарна.