Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөн. Харьяа эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 21:00 цаг хүртэл, бямба гарагт 12:00-18:00 цагийн хооронд, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-15:00 цагийн хооронд уртасгасан цагаар ажиллаж байна.
Энэ үеэр Хотын дарга холбогдох албан тушаалтнуудаас цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.
Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн албадан газар чөлөөлөх журам боловсруулах ажлын талаар Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Журам батлах Ажлын хэсэг байгуулсан. Энэ долоо хоногт журмыг танилцуулна” гэлээ. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Инженерийн бэлтгэл ажлын төлөвлөлт, ашиглалт, хамгаалалтын журмыг боловсруулж, НИТХ-аар баталсан. Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхээр өгсөн. Хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэх, хуваарилах ажлыг хийж байна. 2024 оны нийслэл, дүүргийн тохижилтын ажлын төлөвлөгөөний хүрээнд хийх дугуйн зам, явган хүний замын трассыг гаргасан” хэмээв.