ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхины хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буйг тогтоожээ. Тодруулбал, электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна.
Иймд өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.
Нийслэлийн Боловсролын газраас ЕБС-ийн 205 сургуулийн сурагчдын дунд судалгаа хийхэд 9000 орчим хүүхэд электрон тамхи хэрэглэж байжээ. Үүнээс 77.6 хувь нь хөвгүүд, үлдсэн нь охид байна. Одоогийн байдлаар 111 улс электрон тамхины хэрэглээг ямар нэгэн байдлаар зохицуулж буй. Тодруулбал, 32 улс электрон тамхи худалдаалахыг хориглодог бол 79 улс электрон тамхины хэрэглээг зохицуулах нэг болон түүнээс олон хуулийн зохицуулалттай аж. Харин 84 улс ямар ч зохицуулалтгүй байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байж, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлээсэй гэж хүсэж байна. Бага хэмжээний ашиг орлогын төлөө электрон тамхи худалдаалж, хүүхдүүдийн эрүүл мэндийг хохироохгүй байхыг уриалъя” гэв.
Электрон тамхи нь тусгай шингэнийг халааж, аэрозол /тоосонцор/ үүсгэн, түүгээр нь хүн амьсгалдаг. Уг цэнэглэгч шингэн нь никотин агуулсан, эсвэл агуулаагүй гэх хоёр төрөл байдаг боловч бусад нэмэлт хольц, амт оруулагч болон химийн хорт бодис агуулсан байдаг. Цэнэглэгч шингэн болон түүний найрлага нь олон төрөлтэй. Никотины хэмжээ янз бүр байхаас гадна олон төрлийн амт оруулагч, ус, пропилен гликоль, глицерин болон бусад химийн нэгдлийг агуулдаг байна. Түүнчлэн уг химийн нэгдэл бүхий шингэнийг халаасны дүнд үүссэн аэрозол нь зарим тохиолдолд хорт хавдар үүсгэдэг, ихээхэн хортой нэгдлүүдийг агуулсан байда аж.
Өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхинд донтох магадлал хоёр дахин нэмэгддэг байна. Хэтрүүлэн хэрэглэсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.