Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ээлжийн дарга Ш.Мөнхбаяр, баяжуулагч Уранчимэг нарын ажилчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнг эрх мэдлээ хэтрүүлэн, ТУЗ-өөс батлаагүй орон тоог бий болгож, өндөр цалин хангамж өгөхөөс гадна бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийсээр байгааг мэдээлэв. Эрдэнэт үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийхийг хориглосон шүүхийн шийдвэр гарсан атал хууль зөрчин, намын нэр барьсан мэргэжлийн бус хүмүүсийг томилж байгаа нь албан тушаалын наймааг бодитоор хэрэгжүүлж байна гэж тэд үзжээ.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж, "60 тэрбумын" гэх хууль бус ажиллагаа Эрдэнэт үйлдвэрт хэрэгжиж байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэнийг тогтооход дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Х.Бадамсүрэн захирал өөртөө долоон зөвлөхийн орон тоо дур мэдэн гаргаж, тэтгэврийн насны хүмүүс томилон, өндөр цалин өгч байгааг тэд жишээ болгон ярьсан юм.