Хотын дарга С.Батболд Улаанбаатар хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтад Европын стандартыг нэвтрүүлэх ажлынхаа хүрээнд анхны гадаад айлчлалаа Европын хотуудаар хийсэн нь эхнээсээ үр дүнгээ өгч эхлээд байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сард Европын хотуудад албан ёсны айлчлал хийж, Берлин, Будапешт, Варшав гэсэн томоохон хотуудтай эдийн засаг, соёл, боловсролын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ шатанд гаргахаас гадна Европын стандартыг Улаанбаатар хотод нутагшуулах ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагуудтай гэрээ хэлцэл хийгээд ирсэн билээ. Хотын дарга энэхүү айлчлалын үеэрээ Улаанбаатар хотын төлөвлөлт, нийгмийн болон бусад дэд бүтцийн үйл ажиллагаанд Европын стандартыг нэвтрүүлэхэд туслахыг Берлин Мужийн удирдлагуудаас хүсэж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар тохиролцсон. Хотын даргын энэхүү хүсэлтийг Берлин мужийн албаны хүмүүс дэмжиж, ойрын хугацаанд арга хэмжээ авч ажиллахаа ч илэрхийлж байсан юм.
Нийслэлийн бүтээн байгуулалт, хот төлөвлөлтөд Европын хотуудын стандартыг нэвтрүүлэх ажил олон жилийн турш яригдаж байгаа ч дорвитой алхам хийгдэлгүй өдийг хүрсэн. Дэлхийн шилдэг стандарт болох Европ стандартыг хот байгуулалтын төвшинд нэвтрүүлэхэд нарийн мэргэжлийн зөвлөгөө, хяналтын баг шаардлагатай бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд шат дараатай олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгцээ тулгардаг байна. Хотын даргын айлчлалын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон ХБНГУ-ын зөвлөх үйлчилгээний SES байгууллагын төлөөлөгч нар өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
SES байгууллагын “Хот байгуулалтын зөвлөх баг” Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, тулгараад байгаа хүндрэл, даван туулах нөөц бололцооны талаар Нийслэлийн удирдлагуудын санал солилцоо. Энэхүү байгууллага нь ХБНГУ-аас дэлхийн бусад улсуудын төрийн болон хувийн хэвшилд үйлчилгээ үзүүлдэг нарийн мэргэжлийн байгууллага бөгөөд хот байгуулалтын зөвлөх үйлчилгээнээс гадна байгаль орчин, боловсрол, бизнес, технологийн салбарт нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг юм байна. 2016 оны байдлаар 1853 мэргэжилтнүүдийг олон улсад илгээсний дотор Монгол улсын хувийн хэвшлийн салбарт, хэд хэдэн байгууллага SES –ээс үйлчилгээ аваад байгаа юм.