УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургаадугаар сард болохтой холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн газрын ахлах референт Т.Наранбатаас сонгогчдын нэрсийн жагсаалтын талаар тодрууллаа.
-Сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа байна вэ?
-Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу өнгөрсөн сарын 22-24-ний өдрүүдэд нам эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Мөн энэ сарын 7-ны дотор хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар хүргүүлэх юм. Үндэсний аудитын газраас мөрийн хөтөлбөр болон тайланд хийсэн дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд энэ сарын 29-нөөс өмнө өгнө. Бие даан нэр дэвшигчийн тухайд Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-ний хооронд өгөх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд дүгнэлтийг ирүүлнэ.
-Зохион байгуулалтын тухайд мэдээлэл өгөхгүй юү?
-Зохион байгуулалтын тухайд сонгуулийн хэсгийн хороодод ажиллах хүний нөөц бүрдүүлэх зорилгоор www.e-election.mn цахим системээр төрийн захиргаа болон үйлчилгээний албан хаагчдыг бүртгэж байна. Уг цахим системд бүртгүүлж холбогдох хичээлийг судалж, сорил өгсний дараа аль хэсгийн хороонд ажиллах вэ гэдэг хүсэлтээ гаргана. Улмаар томилогдож гэрчилгээ авснаар давтан сургалтад хамрагдах юм. Одоогийн байдлаар 8000 гаруй албан хаагч цахим системд бүртгүүлж, сургалтад хамрагдаад байна. Сонгогчдын тухайд Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-нээс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулж байна.
-Сонгогчдын нэрийн жагсаалтад ямар мэдээлэл байна гэсэн үг вэ?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4-т зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг эхийн болон өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороогоор болон хэсэг нэг бүрээр нэгтгэн гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний овог нэр, нас хүйс, үндсэн хаяг болон хаяг дээрээ байгаа эсэх, сонгуулийн тойрог, хэсэг, санал өгөх байрыг заана. Мөн тухайн хаяг дээр бүртгэлтэй иргэдийн тоог харуулна.
-Цахим санд яаж нэвтэрч, мэдээллийг хэрхэн харах вэ?
-Сонгогчид нэрсийн жагсаалтыг https://election.burt¬gel.gov.mn/ цахим хаягаар нэвтэрч орно. Нэвтрэхдээ регистрийн дугаар, оршин суугаа хаягийнхаа мэдээллийг оруулна. Ингэснээр таны мэдээлэл гарч ирнэ. Энэхүү мэдээлэлд таны хувийн мэдээллээс гадна сонгуульд санал өгөх тойргийн дугаар, хэсгийн дугаар, санал өгөх байрны хаяг зэрэг мэдээлэл гарч ирэх юм. Хэрэв таны хувийн болон бусад мэдээлэл зөрүүтэй байвал “Мэдээлэл зөрүүтэй” хэсэг рүү нэвтэрч, бүртгэлээ засуулах хүсэлт гаргах боломжтой.
-Сонгогчдын хувьд нэрээ шалгаж үзэх шаардлага ер нь бий юу?
-Сонгогчдын нэрсийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна дээр тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авна. Түүнчлэн өөрийн хаягийн бүртгэл дээр хэн хэн бүртгэлтэй байгааг нягтлан шалгах, ингэснээр хаягийн давхардлыг арилгах, хэрэв жагсаалтад бүртгэгдээгүй бол бүртгүүлэх зэрэг боломжийг иргэнд олгож байгаа гэсэн үг. "Бүртгэлтэй иргэдийн тоо" гэсэн цэсийг дарж орсноор хэн гэдэг хүн танай хаяг дээр байгааг мэднэ. Хэрвээ мэдээлэл зөрүүтэй байгаа бол зөрүүтэй мэдээллийн ард байрлах товчийг дарж, хүсэлтээ гаргах юм. Өөрөөр хэлбэл, иргэн сонгогчдын нэрийн жагсаалттай холбоотой гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай.
-Сонгуулиас өмнө мэдээллээ шалгасан байх ёстой юу?
-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө шалгасан байвал зохино” гэж заасан. Өөрөөр хэлбэл, сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй.