Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.

2024 оны 4 сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

Энэ сарын 5-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 6-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6, 7-нд тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +4...-1 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна. Энэ сарын 6-7 нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.