Нийслэлд зам засварын ажлыг эхлүүллээ

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн.

Үүнээс 13 байршил дахь засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээг байгуулж, ажил нь эхлэхэд бэлэн болжээ. Энэ хүрээнд Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх замын хашлагыг сольж, иж бүрэн засварлана. Тэгвэл уг замын засварын ажил өнөөдрөөс эхэллээ.

Харин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх замыг шинэчлэх ажил ням гарагаас эхлэх бөгөөд дээр дурдсан хоёр зам засварын ажил ирэх сарын 20-ныг хүртэл үргэлжлэх аж. Зам засварын үеэр хашлага солих, инженерийн шугам сүлжээний худгийн таг өндөрлөх, асфальтан хучилт хийх юм.


Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар ярихдаа “Нийслэлийн зургаан дүүргийн замын нүхэн эвдрэлүүдийг энэ сарын 10-наас засна. Одоогоор шөнийн цагаар нүхэн эвдрэлийг шороогоор дүүргэх, хүйтэн, хучилт хийх хөрөөдөх ажил хийж байна. Энэ сарын 10-наас асфальтын үйлдвэрүүд ажиллахаар нүхэн эвдрэлүүдийг бүрэн засах юм” гэв.

13 байршлын замыг засахдаа хашлага суурилуулах, инженерийн шугам сүлжээг хүчитгэх ажлуудыг шөнийн цагаар хийх аж. Харин хучилтын ажлыг амралтын өдрүүдэд хийх бөгөөд зам хаахаас 48-72 цагийн өмнө иргэдэд мэдээлэх юм байна.