Алба сурталчлах өдөрлөгийг "Сүхбаатарын талбай"-д зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жилийн ойтойгоо золгож байна.

Ойнд хүрээнд албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулна. 

Маргааш буюу тавдугаар сарын 16-ны 10:00-16:00 цагийн хооронд “Сүхбаатарын талбай”-д  болох  алба сурталчлах өдөрлөгийн үеэр албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж мэдээллийг хүргэхээс гадна Гал унтраах техникийн олон төрөлт спортын байлдааны тархалт, шүхэрчин аврагчид, эрэлч нохойн үзүүлэх тоглолтуудыг сонирхуулах юм.

Харин тавдугаар сарын 17-ны баасан гарагт 10:30-11:30 цагт  ёслолын жагсаалыг "Сүхбаатарын талбай"-д зохион байгуулах бөгөөд жагсаалд Онцгой байдлын байгууллагын болон төрийн цэргийн нийт 1600 орчим алба хаагч, техник хэрэгслийн хамт оролцоно.