Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал дүгнэлтийг УИХ-д танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан боллоо.
Тус хорооны хуралдаанаар Түр хорооны сонсгол товлон зарлах тухай, Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай, Сонсголд гэрч дуудах тухай гэсэн 3 тогтоолыг баталсан байна. Энэхүү тогтоолын дагуу энэ сарын 21, 22-нд Хянан шалгах түр хорооны сонсголын товыг тогтоосон аж.
Сонсголоор худалдан авах үйл ажиллагаа хэрхэн явагдав, хэн гэдэг албан тушаалтан ямар хэлбэрээр оролцов, хууль эрх зүйн хүрээнд ямар дүгнэлт гарав, орж ирсэн ногоон автобус стандартын шаардлагыг хангасан эсэх гэсэн гурван бүлэг сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судална. Уг түр хорооноос 8 хянан шалгагч, шинжээч томилогдож, сар гаруйн хугацаанд нотлох баримтыг судлаад, сонсголд нийт 98 гэрчийг дуудахаар тогтжээ.