Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргалаа. "Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барьж байгуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгав.
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар,
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх зардлын ангилалтай болж, салбар бүрд төсөв хуваарилдаг болно;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нийгмийн бүх салбарт бодитой хангах нөхцөл бүрдэх бөгөөд ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжил, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн байдал сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх бүх төрлийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үүсгэн байгуулсан, эсхүл тэдний эрхийг хамгаалахаар нэгдсэн төрийн бус байгууллагуудын шалгуурыг тодорхойлсноор төр иргэний нийгмийн түншлэл бэхжиж, төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чанар, хүртээмж сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлсноор байгууллагын чадавх бэхжиж, салбар дундын уялдаа холбоо сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг дэмжих, үйл ажиллагааг санхүүжүүлэх тогтолцоо тодорхой болж, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа шалтгаанаар хөдөлмөр эрхлээгүй эх/эцэг/-ийн нийгмийн хамгаалал сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй тамирчинд олгох урамшууллын төсвийн эх үүсвэр тодорхой болж, төсвийн эх үүсвэр давхардахгүй болно;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон байрны дэмжлэгийн зохицуулалт тодорхой болсноор үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж сайжирна;
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг Үндэсний хороо болгон өөрчилж, хорооны ажиллах хэлбэр, ажлын албаны чиг үүрэг тодорхой болно;
-Хуулийн давхардал, хийдэл арилж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан нийгмийн халамж, боловсрол, эрүүл мэнд, хүртээмжийн зохицуулалт нь салбарын бусад хуулиар нарийвчлан зохицуулагдана.
“Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
“Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай” хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн дараах эерэг үр дагавар үүснэ гэж үзэж байна.
Тухайлбал,
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежменттэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болж, сууц өмчлөгчид эрүүл, аюулгүй орчинд тохь тухтай амьдрах, ажиллах нөхцөл бүрдэнэ.
Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох цахилгаан шатны ашиглалт, үйлчилгээ, орон сууцны байшинд гэрийн тэжээвэр амьтан тэжээх, ногоон байгууламж, тоглоомын талбай, авто зогсоол, явган хүний зам, хогийн цэг төлөвлөх, байгуулах, гэрэлтүүлэг суурилуулах болон бусад дундын өмчлөлийн хөрөнгийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болно.
СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамжийн асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх, хуульд заасан хугацаанд төлөөгүй сууц өмчлөгчид хариуцлага тооцох боломж бүрдэнэ.
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх, ашиглалт, үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой засвар, арчлалтын сан байгуулагдсанаар орон сууцны байшин буюу оршин суугчдын өмчийн үнэ цэнийг урт хугацаанд тогтвортой хадгалах санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болно гэж үзэж байна.