Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулган, даланг хүчитгэж байна

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах ажлын хүрээнд “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо болон Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ажиллалаа. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд голын дагуу байрлах “Шунхлай” шатахуун түгээх станцын барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр буулгаж, газрыг чөлөөлсөн бол өнөөдөр үерийн болон голын ай савыг хамгаалах барилга, байгууламж барьж эхэллээ. Нийт 300 метр орчим үерийн даланг 14 хоногт барьж дуусгахаар төлөвлөсөн аж. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгуулж байна. Түүнчлэн Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байгаа юм. Үүний дараа үерийн далан барих, барилга, байгууламжийг хүчитгэх ажлуудыг шат дараатайгаар хийнэ. 

Энэ талаар “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “Улаанбаатар хотод нийт 163 км үерийн далан байдаг. Энэ онд зургаан байршилд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэх бөгөөд цаашид 500 км орчим үерийн хамгаалалтын даланг байгуулж, үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ. Өнгөрсөн зун болсон үерийн эрсдэлийг тооцоолоход зонхилох хэсэг нь зөвшөөрөлгүйгээр үерийн барилга, байгууламжийг хааж буусан, хийцлэл өөрчилсөн, газрын зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлж барилга, байгууламж барьсан тохиолдлууд байсан. Иймд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа, барилга, байгууламж барьж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлж буй. Энэ хүрээнд хоёр аж ахуйн нэгжтэй зөвшилцөлд хүрвэл Дунд голын голдиролд байгаа барилга, байгууламжийг чөлөөлж дуусах юм” хэмээлээ.

Ташрамд, Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж буй 3,300 иргэн, аж ахуйн нэгж байгаагаас 256 нь аж ахуйн нэгж байна. 

Хариу үлдээх

Please enter your comment!
Please enter your name here