Алдаа, оноо, амжилт, бүтээлээ дүгнэх түүхт 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Албаараа овоглодог үе, үеийн алба хаагчдын хувьд төрдөө зүтгэсэн зүтгэл, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг, аварсан хүн, эд хөрөнгө гээд амжилт, бүтээлээ ч үнэлүүлж, хэзээ ч төсөөлж байгаагүй шагналууд энгэрт гялалзах нь хэн бүхэнд бахдалтай сайхан. Тиймээс шинэхэн гавьяатуудынхаа төлөөлөл болгож ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн аврагч, ахлах ахлагч П.Хатанболдыг онцлон ярилцлаа.
-Ажлын үр шим гэдэг цаг хугацааны уртад үнэлэгдэж, эзнээ төсөөлшгүй их гавьяагаар шагнадаг юм байна гэдгийг энэ өдрүүдэд илүүтэй ихээр мэдэрч байна. Шагнал авах тухай анхны мэдээг хэн анх дуулгасан бэ?
Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн жагсаалын бэлтгэлийн үеэр ангийн захирагч, хурандаа Д.Гантулга хэлсэн. Тухайн үед хэлэх үг олдохгүй, хөл, гар хөдлөхгүй хөшсөн мэт мэдрэмжийг авсан. Би юу хийлээ, ямар гавьяа байгууллаа гээд л анх ажилд орж байсан үеэс эхлээд аварч байсан хүмүүс, аврал ирсэн хүмүүсийн дуудлага гээд бүх л зүйл нүдний өмнө тодордог юм билээ.
Тэгвэл энэ баярт мэдээгээ хэнтэй хамгийн анх хуваалцаж, тайвширсан бол..?
Эхнэртээ, ээждээ хэлсэн. Ээж минь утасны цаанаас уйлаад л “Төрийн минь сүлд өршөө” гэж хэлсэн. Тэр сайхан мэдрэмжийг үгээр илэрхийлж чадахгүй тийм л байна даа.
-Төрийн тэргүүнээсээ шагналаа гардаж авсан тэр мөч илүүтэй ихээр догдуулсан байх?
Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байсан үе, үеийн төлөөлөл төрийн дээд, одон медаль хүртэхээр Төрийн ордондоо цугласан байсан тэр мэдрэмжийг тод санаж байна. Хэдийгээр шагнал авна гээд хүндэтгэлийн жагсаалд алхаж чадаагүй ч хүндэт индэр дээр суугаад үзэж сонирхох мөч бас л бахдам, бахархам байлаа. Миний хувьд Уул уурхайн аврах 09 дүгээр анги ОБЕГ-ын харьяанд орсноос хойш төрсөн анхны гавьяат болж байгаа. Энэ ангийн үе, үеийн алба хаагчдын гавьяаг миний энгэрт гялалзууллаа гэж ойлгож байна. Миний энгэр дээр зүүсэн болохоос миний хамт олны хөдөлмөрийн үр шим гэж хэлмээр байна.
-Тантай ярилцахаас өмнө товч танилцуулгыг уншигчдад хүргэсэн. Гэхдээ л дэлгэрэнгүй танилцаж, бүтээсэн гавьяаг тань сонирхмоор байна?
Анх 2008 онд Уул уурхайн аврах ангид аврагч авна гэсэн зарын дагуу очиж, бүртгүүлсэн. Бүртгүүлснээс хойш өдөр бүр 10 км-ийн гүйлт хийж, биеэ бэлдэж 14 хоногийн дараа сонгон шалгаруулалтад 40 гаруй залуустай өрсөлдөж, тэнцсэн. Багаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэдэг байсан маань илүү их нөлөөлсөн гэж боддог. Тэр үеэс л аврагч хүний баяр жаргалтай үеүдийг 16 дахь жилдээ мэдэрч байна. Уул уурхайн осол бол агааргүй, давчуу, нуралтай, хортой, халуун нөхцөлд аврах ажиллагааг явуулдаг. Нөхцөл байдал яаж ч эргэж болзошгүй тул хамгийн эрсдэлтэй орчин. Тиймээс амьсгалын бие даасан төхөөрөмжийг бүрэн ашиглаж, өөрийн болгосон байх ёстой. Уурхайн агааргүй орчинд нэг алдаа гаргахад амь насаа алдах эрсдэл маш өндөр байдаг. Тиймээс аврагчид маань амьсгалын бие даасан төхөөрөмжтэй дадлага сургуулийг тогтмол зохион байгуулж, сэтгэл зүйгээ маш сайн бэлддэг. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан ойн арга хэмжээ, Налайх дүүргийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтран зохион байгуулдаг “Марш тактик”-ийн тэмцээнд 2008-2024 онуудад амжилттай оролцсон. Мөн Украйнд зохион байгуулагдсан олон улсын аврагч нарын тэмцээн, Бороогоулд, Шарын гол ХК, Налайх дүүрэгт зохион байгуулагдсан бусад тэмцээн уралдаануудад тогтмол оролцдог.
-Спортоор хичээллэж байсан давуу тал таны дурдсанчлан олон. Ажил, амьдралын амжилтын салшгүй нэг хэсэг ч гэж ойлгож болохоор..?
Тийм шүү. Би долдугаар ангиад байхаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэж эхэлсэн. Бэлтгэлээ өөрийн ажлын гараагаа эхлүүлсэн Уул уурхайн аврах ангийн зааланд хийдэг байлаа. Тухайн үед ах нарыг хараад энэ хүмүүс шиг болох юмсан гэж боддог байсан. Бүх зүйл холбоотой, уялдаатай гэдгийн илрэл байх гэж ойлгож байна. Улсын хэмжээний уралдаан, тэмцээнд тогтмол ажмилттай оролцож, I, II, III байр болон шагналт байруудад удаа дараа шалгарч, хөнгөн атлетикийн спортын мастер цолыг хүртсэн амжилттай. Сүүлийн үед биений хүчний спортод дурлаж, фитнессэээр хичээллэж байгаа. Энэ маань бас л нэг сэжүүрээс эхлэлтэй.
-Сонирхолтой санагдаж байна. Өөрийгөө ямар нэг байдлаар хөгжүүлж, суралцахын төлөө эрмэлздэг нь сайхан шүү?
Миний хувьд 2019-2020 онд Онцгой байдлын байгууллагынахаа алба хаагчдын хамтаар Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Буудагчаар харуулд гардаг байлаа. Чөлөөт цаг гарвал фитнессд өнгөрүүлнэ. Үүний маань үр дүн энэ спортоор хичээллэх эхлэлийг өгсөн. Үүрэг гүйцэтгэж байхдаа эх орон минь ямар амгалан тайван, уул, ус агаар гээд бүх зүйл нь юутай ч зүйрлэшгүй үнэ цэнтэй гэдгийг ойлгосон. Энэ мэдрэмжийг авсан хүн бүр эх орноо илүү ихээр хайрлаж, омогшдог байх.
- Онцгой байдлын байгууллагад шилжсэнээр үүрэг хариуцлага ч нэмэгдсэн байх?
ОБЕГ-ын харьяанд 2014 онд шилжсэнээс хойш алба хаагч бидний цалин хөлс, нийгмийн баталгаа сайжирсан. Мөн уул уурхайн осол аваараас гадна бүхий л гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс аврагч хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, биеэ дайчлах, бүхий л төрлийн чадваруудыг эзэмшсэн байх ёстой гэж боддог. Өөрийгөө байнгын хөгжүүлж, сурсан мэдсэн зүйлээ залуу аврагч нартай зааж сургахыг эрхэмлэж явдаг даа.
-Хэн нэгнийг хайрлаж, хайрлуулах нь амьдралаас хүртэх хамгийн том аз. Таны гэр бүлийн хүн мөн л Онцгой байдлын албанд мөр зэрэгцэн ажилладаг..?
Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүгийн хамт амьдардаг. Эхнэр Г.Мөнхзул Уул уурхайн 09 дүгээр ангийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг. Эхнэр маань 2007 онд энэ албанд орж байлаа.
Ууган хүү Х.Мөнхболд 16 настай. Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч. Дунд хүү Х.Мөнхсанчир 9 настай. Тус сургуулийн гуравдугаар анги. Бага хүү Х.Мөнх-Учрал Налайх дүүргийн 151 дүгээр цэцэрлэгийн бага бүлэгт хүмүүждэг. Том хүү маань сагсан бөмбөгийн спортоор багаасаа хичээллэж, Налайх дүүргийн “Налуу ухаа” багийн тамирчин. Сагсан бөмбөгийн спортын II зэрэгтэй. Улсын аваргаас хоёр алт, мөнгө, нийслэлийн аварга шалгаруулах “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс жил бүр алт, мөнгөн медаль, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс жил бүр шагналт байрт шалгарсан амжилтуудыг үзүүлж байгаа. Аав, ээжийнхээ албыг их сонирхдог. Хоёулаа хамтдаа хөтлөлцөөд үүрэг гүйцэтгэх нь хүнд гэхээс илүү сайхан. Гэр бүл, найзууддаа бахархалтай байдаг. Хэн хэнийгээ ойлгоод, дэмжээд, хамтраад ар гэрээ зохицуулаад л явдаг.
Таны бага нас хаана өнгөрсөн бэ. Харахад их л даруухан юм?
Аав, ээж маань хоёулаа Ховд аймгийн гаралтай. Миний хувьд Налайх дүүрэгт төрж, өссөн. Ажиллаж, амьдарч байгаа. Бусдын л адилаар хүүхэд нас минь өнгөрсөн. Зургаан хүүхэдтэй айлын тав дахь хүүхэд. Өөрт оногдсоноо ажлаа үр дүнтэй хийгээд, өөрийгөө хөгжүүлээд явж байхад бүх зүйл бүтнэ л гэж боддог. Үг биш үйлдэл хамгийн чухал санагддаг.
-Хүн бүрийн онцлог, амжилтын талаар хүүрнэх хамгийн сайхан. Энэ удаад тантай ярилцах завшаан тохиосонд талархалтай байна. Өмнө тань зурайх амьдралын их зам тань дардан байх болтугай?
Баярлалаа. Миний болоод бидний гэр бүлийн бүхий л цаг хугацаа, сайн сайхан, гэрэл гэгээтэй бүхэн энэ л албатай салшгүй холбоотой. Би ямар их хувь заяатай хүн бэ гэж үргэлж бодож, албаараа бахархдаг. Та бүгдийнхээ хүлээлгэсэн итгэлийг алдахгүй, улам их хичээж, хариуцлагатайгаар ажиллах болно гэдгээ дахин дахин хэлмээр байна. Онцгой байдлын түүхт 20 жилийн ой баярын мэндийг үе, үеийн удирдлагууд, ахмадууд, нийт бие бүрэлдэхүүндээ болон гэр бүлд нь хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.