Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр сонгуульд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган баталгаажуулах ажлыг улс төрийн нам эвсэл, төрийн бус байгууллага, сэтгүүлч, олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгууллаа.
Сонгогчийн санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэдэг. Санал тоолох төхөөрөмж нь санах ойн төхөөрөмж буюу CF карт, саналын хайрцаг, нөөц тэжээл, хамгаалалтын соронзон түлхүүр, тэжээлийн залгуур, модем, зөөврийн хуванцар цүнхнээс бүрддэг бөгөөд бүрдэл бүрийг ажиглагчид туршиж үзэв.
Саналын хуудас нь усан хээтэй, үнэт цаасан дээр нэгдсэн дугаарын мэдээлэл агуулсан ил, тусгай зориулалтын неон гэрлээр харагддаг далд нууцлалтай, аймаг дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай хэвлэгддэг бөгөөд олшруулах боломжгүйг ажиглагчид үзэж шалгасан юм. Шалган баталгаажуулах үйл явдлыг 31 хэвлэл мэдээллийн байгууллагын 65 сэтгүүлч олон нийтэд шууд дамжуулав.
УИХ-ын энэ удаагийн сонгуулиар 2198 хэсгийн хороонд 2943 санал тоолох төхөөрөмж ашиглах юм.