Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өглөөнөөс хойш 24 дуудлага авсан. Нийтийн эзэмшлийн 21 байршилд ус соруулах дуудлага ирснээс долоон байршилд газар дээр нь ажиллаж байна. Авто замын зарим нүхэн гарц усанд автсан. Дамбадаржаа орчимд усанд автсан айлуудад очиж ажиллалаа. Сүхбаатар дүүргийн XVII хороо Дамбадаржаа орчимд 11:00 цагт айлын гэр, хашаа усанд автсан дуудлага мэдээллийн дагуу онцгой байдлын алба хаагчид очсон. Эцэг, эх нь ажилдаа явсан үед бага насны хүүхдүүд хараа хяналтгүй байна. Тиймээс усанд автсан байршлуудад байсан хүүхдүүдийг түр хамгаалах байранд шилжүүллээ.
Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 43 см-ээр, Туул гол Босгын гүүр орчим 58 см, Сэлбэ гол Санзай орчимд 18 см-ээр нэмэгдэн үерийн түвшинг даван үерлэж байна. Туул гол Зайсан орчимд 51 см-ээр, Сэлбэ гол Дамбадаржаагийн гүүр орчимд 18 см, Улиастай гол 19 см-ээр нэмэгдсэн нь үерийн түвшинд хүрэхэд 7-15 см дутуу байна. Төвийн ихэнх нутгаар 12 цагаас дээш хугацаагаар бороо орж ноосолсон мал осгох, ургац алдах эрсдэл үүслээ. Зуслангийн бүсүүдэд хүйтэн бороо, цас орж байгаа тул гулгаа үүсэх эрсдэлтэй. Тиймээс иргэдийг өнөө, маргаашдаа хол замд гарахгүй байхыг анхааруулж байна” гэв.
Түүний өгсөн мэдээллээр үргэлжлэн орсон хүйтэн борооны улмаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин айлын 300 орчим ноосолсон хонь осгожээ. Орхон, Дархан-Эул аймагт айлын гэр, хашаа байшин усанд автсан. Гол усны үерийн түвшин нэмэгдэж байгаатай холбоотой дунд гол дагуу хоёр газарт сэтэлгээ хийж, голын урсцыг сайжруулсан байна.