Туул голын усны түвшин 71 см-ээр даван үерлээд байна

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр өнөөдөр Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Зургаадугаар сарын 23-ны 8-20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зүүр ширүүснэ. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 хэм, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 21-26 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. 19-21 хэм дулаан байна. Сэрэмжлүүлэх мэдээгээр Туул голын ус үерийн аюултай түвшинг 71 см-ээр даван үерлээд байна.

байна.

Аагаарын температур дулаарч, голуудын усны түвшин нэмэгдэж байна.

Зургаадугаар сарын 23-ны 06.00 цагийн байдлаар Туул голын усны түвшин Улаанбаатар хот орчмоор өмнөх өдрийнхөөс 53 см-ээр нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 71 см-ээр давж, 2023 оны үерийн түвшинг 21 см даван хүчтэй үерлэж байна. Туул голын дагуу цаашдаа усны түвшин үргэлжлэн нэмэгдэнэ. Үерийн прогнозоор 6-р сарын 24-нд Алтанбулаг орчмоор өмнөх өдрөөс 80-90 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 20 см давна.

Тиймээс Туул голын үерийн хамгаалалтгүй хэсэг буюу хотын дээд болон ялангуяа доод хэсэг болох Био, Сонгино орчим, Улаанбаатар хотоос доош голын дагуу голын татам, эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, ард иргэд байгууллагад урьдчилан сэргийлэх мэдээ хүргэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг яаралтай төлөвлөн хэрэгжүүлэхийг төр засаг, нийслэл, мэргэжлийн байгууллагад онцгойлон анхаарууллаа.