АТГ 15.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ

Олон нийтийн төвөөрөө дамжуулан АТГ сар бүрийн 25-нд мэдээлэл хийхээр тогтсон. Энэ дагуу өнөөдөр шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ сард нийт 287 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Өмнөх онд тус хэлтэс 193 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ нь 48.7 хувиар өссөн дүнтэй байгааг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн мэдээлэв.

Одоо 111 хэргийн мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж байна. Шийдвэрлэсэн хэрэг 83 байгаа нь өмнөх оноос 30 хэргээр өссөн үзүүлэлт юм.

Гэмт хэргийн хохирол шийдвэрлэх, нөхөн төлүүлэх, хөрөнгө битүүмжлэх ажиллагааг тасралтгүй явуулж байна. Өнгөрсөн онд нийт 32 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан бол энэ жил 9 сарын байдлаар нийт 34 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Үүнээс 3.1 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 15.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтай 13 хэрэг байна. Тухайлбал, Хөгжлийн банкны хэрэг, Зам тээврийн яамны нэр бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанид холбогдох хэргүүдийг прокурорын байгууллага болон шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ.