Монгол Улсын дараагийн Eрөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах санал хураалтад Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Ухнаагийн Хүрэлсүх 294 гишүүний 188 буюу 63.9 хувийн санал авлаа.
МАН-ын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өчигдөр өдрийн 13.00 цагийн үeэс эхлэн хуралдаж, үүрийн 05.00 цагийн орчимд өндөрлөлөө. Хоёр удаа завсарлаж, нийт 17 орчим цаг үргэлжилсэн тус Бага хурлаар МАН-ын дарга М.Энхболдын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас оролцсон байдалд дүн шинжилгээ хийсэн Намын Хяналтын Ерөнхий хорооны дүн мэдээлэл, ирэх 11 дүгээр сарын 20, 21-нд хуралдах МАН-ын ээлжит Их Хурлын хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хэлэлцүүлж батлах, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцсэн. Намын даргын илтгэл болон хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан нийт 50 орчим гишүүн үг хэлэх болсон нь хуралдааны хугацааг сунгах шалтгаан болсон.
Дашрамд дурдахад, 331 гишүүнтэй Бага хурал ирц муутай буюу 58 хувьтай эхэлж байсан нь хурлын төгсгөлд 88 гаруй хувьд хүрч нэмэгдсэн юм.
Бага хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн хамгийн чухал асуудал нь Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад МАН-аас нэр дэвшигчийг тодруулах байсан. Тус намын Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайд У.Хүрэлсүх нарыг нэр дэвшүүлэхээр Бага хуралд оруулсан бөгөөд уг асуудлыг Бага хурал 00.00 цагийн үeэс хэлэлцэж эхлэв. Нэр дэвшигч тус бүрээр танилцуулга хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан, бага хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний эцэст санал хураалт явуулсан. Санал хураалтаар У.Хүрэлсүх МАН-ын бага хуралд оролцсон 294 гишүүний 63.9 хувь /188/, Ө.Энхтүвшин 34.4 хувь/101/, Н.Энхболд 1.7 /5/ хувийн санал авлаа. Ингээд Бага хурлын гишүүдийн олонхийн саналыг авсан У.Хүрэлсүх тус намын дүрмийн дагуу Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшихээр МАН-аас сонгогдлоо. Одоо нэр дэвшигчийг УИХ-д өргөн барьж, УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
Ухнаагийн Хүрэлсүх нь:
- 1968 оны 6 сарын 14-нд Улаанбаатарт төрсөн. 2016 оны долдугаар сард хоёр дахь удаагаа Шадар сайдаар томилогдсон. Cпортын Мастер, Бэлтгэл Хурандаа, НҮБ-ын "МАНЛАЙЛАГЧ ТӨРИЙН ТҮШЭЭ"-гээр өргөмжлөгдсөн.
Боловсрол:
- 1985 онд Нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль
- 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг Улс төрийн курс,
- 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
- 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
- 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
- 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
- 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
- 1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
- 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
- 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
- 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
- 2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
- 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
- 2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
- 2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
- 2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
- 2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
- 2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
- 2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа