Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган өнөөдөр (2024.08.15) нээлтээ хийж, нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байгааг тэмдэглэв. Үргэлжлүүлэн энэ удаагийн парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэлийг танилцууллаа.
Энэ удаагийн Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ гэв. Түүнчлэн хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох; нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргана хэмээн Д.Амарбаясгалан дарга онцолж, үндсэн чиглэл бүрийг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн одоо хэрэгжиж байгаа зарим хуулийг эргэж харах, хэд хэдэн асуудлаар шинэ хууль боловсруулах шаардлагатайг ээлжит бус чуулганы нээлтийн үгэндээ тэмдэглээд “Иймд, шинэ парламентын гишүүн та бид, эрх мэдэл гэхээс илүүтэй иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, илүү бүтээлч, ил тод, хурдтай ажиллах шаардлагатай байна. Та бүхэн Улсын Их Хурлын эрхэм гишүүнийхээ нэр төрийг өндөрт өргөж, “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлал бүхий”, “Хууль тодорхой, ойлгомжтой, ижил тэгш үйлчилдэг”, “Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцэхүйц” Монгол Улсынхаа хууль эрх зүйн орчны гурван төгөлдөржилтийг бодит болгох ариун үйлсдээ хувь нэмрээ оруулж, үлгэр дуурайлал үзүүлж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна” (бүрэн эхээр эндээс) хэмээлээ.