Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо ӨМӨЗО-ны Хөх хотод эхэллээ.
Энэ удаагийн экспог Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон, МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын Худалдааг дэмжих хороо хамтран зохион байгуулж байна.
“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн ЭКСПО-2017” арга хэмжээнд Монголын 400 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 800 орчим төлөөлөгч оролцож байна. Үндэсний манлай үйлдвэрүүд, гар урлал, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид ноос ноолуур, мөнгөн эдлэл, хүнс зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж байгаа юм.
Монгол-Хятадын бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн уг экспо хоёр улсын худалдаа, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэж буй бөгөөд дөрвөн үндсэн арга хэмжээний хүрээнд 23 хэсэг үйл ажиллагаа өрнөх юм.
Яг одоо “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн ЭКСПО-2017” арга хэмжээний нээлтийн ёслолын ажиллагаа болон Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны дээд түвшний форум “Хөх тал” хурлын төвд эхэлж байна.
Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын орчин болон мега төслүүдийг танилцуулахаас гадна хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын талаар хөндөх юм. Харин үдээс хойшхи хуралдаанаар Монгол-Хятад-Оросын уул уурхайн нөөц баялаг ашиглалт хэлэлцүүлэг, Худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн дээд түвшний уулзалт, Олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагаа болон үйлдвэржүүлэлтийн салбарын форум, “Хятад-Португаль хэлтэй улс орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа боловсон хүчний мэдээллийн сүлжээ ба Бизнес эрхлэгчдийн уулзалт болно.
“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-2017”-д 30 гаруй орны төлөөлөгчдөөс гадна ОХУ зочноор оролцож буйгаараа онцлогтой юм.
“Өвөр Монголын газар нутгийн байршил болон аж ахуй эрхлэлтийн онцлог давуу тал, Монгол, Хятад хоёр
орны найрсаг харилцааны суурин дээр “Монгол-Хятадын экспо” иж бүрэн хамтын ажиллагааны механизмыг бий болгоно хэмээн Хятадын төрийн тэргүүн хэлсэн удаатай. Тэгвэл өнөөдөр Монгол, Хятад төдийгүй дэлхийн улс оронтой явуулах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн олон улсын үзэсгэлэнг хамтран зохион байгуулж байна. “БНХАУ ба Монгол -Улс хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулах тухай хамтарсан тунхаглал”-ыг үндэслэн зохион байгуулсан “Монгол-Хятадын экспо” хоёр улсын харилцан ашигтайгаар хамтдаа хөгжих боломжийг бий болгож байна хэмээн Хятадын төлөөлөгчид онцолж байна.
2015 онд болсон “Монгол-Хятадын анхны экспо”-гоор манай үйлдвэрлэгчид нийт 1.37 тэрбум төгрөг буюу 4.3 сая юанийн борлуулалт хийжээ.Түүнчлэн энэхүү экспог зохион байгуулснаар Монгол-Хятадын худалдааны нийт бараа эргэлт 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцооллыг өмнөх үзэсгэлэнгийн үеэр гаргасан байна. Өнгөрөгч 8 дугаар сарын статистик тоо баримтаас үзвэл манай улс нийт бараа эргэлтийн 64.4 хувь буюу 4418.4 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай хийсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 41.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспог нийт 49 мянган ам.метр талбайд зохион байгуулж байна.
“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-2017” арга хэмжээг Монголын талаас 20 орчим хэвлэл мэдээллийнхэн сурвалжилж буй юм.