Н.Учрал: Засгийн газар их өгөгдөлд суурилж шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж байна

Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард, e-Cabinet2.0 шинэчлэлийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Дэлхийн улс орнууд их өгөгдлийн мэдээллийн санг бүрдүүлж, бодлого боловсруулах, шийдвэр гаргахад ашиглан цаг хугацаа, хөрөнгө, ажиллах хүчний нөөцийг хэмнэх, хуваарилалтыг оновчтой болгох замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж байна.

Монгол Улсын хувьд төрийн байгууллагууд хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд салбарын хэмжээнд анхдагч мэдээллийг бүрдүүлэх, бүртгэл мэдээлэл хөтлөх чиглэлээр мэдээллийн сан үүсгэж цахим үйлчилгээ, хяналт, тайлан мэдээ, судалгаа шинжилгээний гэсэн нийтлэг зорилгоор өгөгдлийн сангийн 69 хувь нь статистик мэдээлэл нэгтгэн гаргахад, 72 хувь нь боловсруулалт, дүн шинжилгээ хийхэд, 39 хувь нь шийдвэр гаргах буюу бодлогын түвшинд  ашигладаг.
Санхүүгийн мэдээллийн технологийн төв, И-Монголиа хамтран төрөлжсөн мэдээллийн сангуудаас цаг хугацааны хувьд хоцрогдолгүй, мэдээллийг нэгтгэн харах боломж бүхий нэгдсэн хяналтын самбар /дашбоард/-ыг хөгжүүлж, нийт 24 бүлэг, 254 үзүүлэлт бүхий тоон мэдээллийг нэгтгэх төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар найман төрлийн 59 өгөгдлийн багцыг е-Cabinet системд харуулахад бэлэн болоод байна. Үүнд: Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, татвар төлөлт, халамжийн төрөл, иргэдийн худалдан авах чадавх, экспортын хэмжээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, төрийн цахим үйлчилгээ зэрэг мэдээллээр газрын зураг дээр аймаг, сум, багийн түвшинд жил, улирал, сар, өдрөөр нэгтгэн харж дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргахад ашиглах боломжийг бүрдүүлж байна.

Цаашид их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих нэгдсэн хяналтын самбарт 2024 онд 17 бүлэг, 105 үзүүлэлт бүхий мэдээллийг, 2025 онд найман бүлэг 89 үзүүлэлт бүхий мэдээллийг нэгтгэж, ашигласнаар Засгийн газрын гишүүд өгөгдөл мэдээлэлд түшиглэн шийдвэр гаргахад дэмжлэг болно. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны биелэлт, үр дүнг цахим хэлбэрт шилжүүлэн тоон үзүүлэлтэд суурилан дүгнэх тогтолцоо руу шилжих нөхцөлийг бүрдүүлнэ.

Танилцуулгатай холбогдуулан хүн,  хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгон боловсруулах мэдээллийн технологийн шийдэл  нэвтрүүлэх, бусад төрөлжсөн мэдээллийн сангаас хугацааны хоцрогдолгүй мэдээлэл дамжуулж, боловсруулалт хийх, дашбоардыг “Засгийн газрын хуралдааны цахим систем /e-Cabinet/”-д холбож, Засгийн газрын гишүүд танилцах боломжоор хангах, хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд бүрдүүлсэн, төрөлжсөн мэдээллийн сангийн мэдээллийг тогтмол нийлүүлж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.