“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон богино хугацааны ажил арга хэмжээг төлөвлөж зөвлөмжийг гаргасан. Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн Нийтийн тээврийн газраас төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан албан хаагчдад үйлчлэх ажилчдын автобусыг хүлээлгэн өглөө.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төрийн албан хаагчдад хоол, унааны хөлсийг олгодог. Үүнээс унааны зардал болох өдрийн 2000 төгрөгийг ажлын 22 өдөрт тооцож, нийслэлийн Нийтийн тээврийн газарт шилжүүлснээр бид төрийн ордонд ажиллаж байгаа 1400 гаруй ажилтан албан хаагчийг ажилчдын автобусаар хүргэж өгч, авах үйлчилгээг үзүүлнэ. УИХ-ын гишүүд түгжрэлийн нөлөөллийг бууруулах ажилд нэгдэж, нийслэлээс дэвшүүлж буй “Ecomobility” алхах, авто машинаа хуваалцах, унадаг дугуй, скүүтерээр зорчих, нийтийн тээврээр зорчих гэсэн дөрвөн үндсэн санаачилгуудад оролцож хамтран ажиллахыг уриалж байна” гэв.