Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэж, боловсролын салбартай холбоотой багц шийдвэрийг гаргалаа.
Дотоод, гадаадын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дотоод гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам, Багш болон багш мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгох, төрийн болон орон нутгийн багш ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх, дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох” зэрэг журмууд батлагдлаа.
Журамд Монгол Улсын сум, хороо бүрээс элсэлтийн ерөнхий шалгалтаар шалгарсан болон олон улсын олимпиадад медальт байрт шалгарсан суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг, дотоодын сургуульд тэргүүлэх мэргэжлийн дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгайлан заасан мэргэжлээр үндсэн хөтөлбөрт суралцагч, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад ахисан түвшний сургалтад суралцах төрийн албан хаагч, тэргүүлэх мэргэжлийн магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагч, техникийн боловсролын сургалтын байгууллагын олон улсын хөтөлбөрийг дотоодын сургуульд төгсөж, тухайн мэргэжлийн чиглэлээрээ гадаадын сургуулийн үндсэн хөтөлбөрт дэвшин суралцагчид Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг олгохоор тус тус тусгажээ.
Мөн Засгийн газар хоорондын гэрээний дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсад суралцах суралцагчид, Нийгмийн салбарын хүний нөөцийн хомсдолтой зарим эрэлттэй мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцахаар тусгасан байна.
Монгол Улсын Засгийн газраас багш мэргэжлээр суралцагч болон багшийн магистрын хөтөлбөрт суралцахад нь дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг журмаар шийдвэрлэв. Багш мэргэжлийг сонгон тэтгэлэг авч суралцсан төгсөгч төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт гурваас доошгүй эсхүл нийслэлд таваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах нөхцөл шаардлага туссан нь хариуцлага төсвийн үр дүнг нэмэгдүүлэх, багшийн хэрэгцээг тогтвортой хангах онцлог заалтболов.
Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн сургуульд тасралтгүй 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн их дээд сургуульд суралцахад сургалтын төлбөрийг төрөөс хариуцахаар болов.
Боловсролын салбарын эрх зүйн орчны шинэчлэл, Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу их, дээд сургуулийн суралцагчдад сургалтын тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх, буцалтгүй тусламж олгох тогтолцоог боловсронгуй болгох, зээлийн сангийн үйл ажиллагааг шинэ түвшинд нээлттэй, ил тод сонгон шалгаруулалтыг зохион байгуулах зохицуулалтыг журмуудад тусгалаа.
Ингэснээр суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, цахимжуулах, шударга, ил тод, нээлттэй болох, олгосон зээл, тэтгэлэг, санхүүгийн дэмжлэгийн хэмжээг жил бүр үнэлж, дүгнэх, эргэн төлөлт хийх, дуусгавар болгох нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж байна.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам баталлаа
Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам баталлаа.
Боловсрол, шинжлэх ухааны салбарт төрийн болон орон нутгийн өмчийн 1,799 сургалтын байгууллагад 95,032 төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс 1,279 байгууллагын 62,099 албан хаагч нь орон нутаг ажиллаж байна. Орон нутагт ажиллаж буй боловсрол сургалтын байгууллагын багш ажилтанд олгох мөнгөн тэтгэмжийг 2006 оноос Боловсролын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд олгож эхэлсэн бөгөөд боловсролын Багц хуулинд тусгагдсан өөрчлөлттэй уялдуулан тэтгэмж олгохтой холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм.
Журам батлагдсанаар орон нутагт дахь боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэх, нийгмийн баталгаагаар хангагдахад нь тодорхой санхүүгийн дэмжлэг болно гэж үзэж байна.
Олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлнэ
Суралцагийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний туай Засгийн газрын тогтоол гарлаа. Тогтоол батлагдаж, хэрэгжсэнээр,
· Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний аргачлалаар бүх түвшний боловсролын чанарыг үнэлүүлэх ажлыг зохион байгуулах, 2025 оны PISA үнэлгээнд бэлтгэх,
· Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын эх хэл болон унших суурь чадварыг сайжруулахад чиглэсэн зорилтод арга хэмжээ авах,
· Сургуулийн дэд бүтэц, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, цахим хэрэглэгдэхүүнээр хангах арга хэмжээ авах;
· Хот, хөдөөгийн болон нийгэм, эдийн засгийн ялгаатай бүлгийн хоорондын боловсролын чанарын ялгааг багасгах арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажил 50 хувьтай байна
Бөөрөлжүүтийн 300 MВт-ын цахилгаан станц, Багануур-Бөөрөлжүүтийн 200 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн хүрээнд Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж байгуулах асуудлаар Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан цогц байдлаар шийдвэрлэх талаар Төслийн хөрөнгө оруулагчтай хийсэн хэлцлийн үр дүнг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.
Станцын жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг одоо байгаа 5500 цагаас 7096 цаг болгон нэмэгдүүлэх Бөөрөлжүүт-Сэргэлэн чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж, цахилгаан станцын төсөлтэй цогц байдлаар хэрэгжүүлэн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д үнэ төлбөргүй шилжүүлэх асуудлаар “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК болон “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн хооронд байгуулсан “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай” гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг Эрчим хүчний яам, “Диспетчерийн үндэсний төв”-ийн удирдлагад даалгалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станц төслийг “Цэцэнс майнинг энд энержи” ХХК хэрэгжүүлж буй. Барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна. Төслийн эхний үе шатны 150 МВт-ын блокыг ирэх аравдугаар сард, хоёр дахь шатны 150 МВт-ын блокыг 2025 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.