Бүгд Найрамдах Армени Улсад сургалтад хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын тэсэрч, дэлбэрэх бодисоос хамгаалах тусгай бүлгийн дарга, дэслэгч Э.Анхбаяр Бүгд Найрамдах Армени Улсад зохион байгуулагдсан “Байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан саадаар том хэмжээний ачаа тээвэрлэх нь” сэдэвт дадлага сургалтад хамрагдлаа.

Тус сургалтыг Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага, Орос-Арменийн хүмүүнлэгийн тусламжийн төв хамтран зохион байгуулсан бөгөөд Армени, Ардчилсан Алжир, Киргиз, Ливан, Серби, Арабын Бүгд Найрамдах Египет, Малайз, Монгол, Йордан, ОХУ-ын нийт 10 офицер оролцсон юм.

Сургалт байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой аюулт үзэгдэл, ослын улмаас үүссэн нурангиас аврах ажиллагаа явуулахад механикжсан өргөгч тээврийн хэрэгсэл, өндрөөс аврах ажиллагааны багаж, хэрэгслүүд болон гар доорх багаж хэрэгслийг ашиглан том оврын хүнд жинтэй нуранги, бусад зүйлсийг хэрхэн хөдөлгөх, зөөвөрлөн холдуулах, ажиллагааны үеийн аюулгүй байдлын талаар танхим, дадлага хосолсон хэлбэрээр явагдсан. Тухайлбал механикжсан өргөгч тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй нөхцөлд гар доорх материал болон өндрөөс аврах ажиллагааны багаж, хэрэгсэл  ашиглан том хэмжээний барилгын нуранги, хад чулуу, нэрвэгдэгч зэргийг хэрхэн өргөж зөөвөрлөх талаар танхимаар олж авсан мэдлэгээ бататгах дадлага сургалтуудад оролцсон юм.