Улсын хэмжээнд 41.5 сая мод тарьж ургуулаад байна

Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд үргэлжилж байна. 

Нийслэлийн Байгаль орчны газрын мэдээлснээр, энэ намрын “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр мод тарьж, арчлан ургуулах үйл ажиллагааг есдүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 26-ныг дуустал зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ дагуу нийслэл хотод аравдугаар сарын 5-наас эхлэн 10 байршилд мод тарих ажлыг зохион байгуулж байна.

Мод тарих намрын өдрүүдэд төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд өөрийн эзэмшлийн хашаа, зуслангийн талбай, бүх шатны сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгуулага, эмнэлгийн орчинд мод тарих юм. Харин байгууллага, ААН-үүд мөн өөрийн эзэмшлийн барилга, байгууламжийн талбайн 20 хувьд ногоон байгууламж бий болгоно.

Ойн газрын мэдээлснээр, манай улс 2021 оноос хойш 41.5 сая ширхэг мод тариад байна. Үүнээс Сэлэнгэ аймаг хамгийн их буюу 4.7 сая мод тарьж ургуулаад байгаа аж.

Манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд нийт тэрбумаар тоологдож хэмжээний мод тарих арчлан хамгаалж ургуулахаар төлөвлөсөн. Ингэснээр:

  • Монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 9 хувьд хүргэх,
  • улмаар цөлжилт, газрын доройтлыг бууруулан хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлэн,
  • уур амьсгалын өөрчлөлтийг сааруулан ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх юм.